“Шиамэн”-ы Олон улсын анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн бяцхан балетчид амжилттай оролцоод иржээ. БНХАУ-ын Фужиан мужид зохион байгуулсан сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны финалд нэг мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль, хоёр тусгай байрын шагнал хүртсэн байна.
Монголоос тэмцээнд оролцогчдын дунд “Монголын Үндэсний балет III уралдаан”-д амжилттай оролцож, уг тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан Монголын Үндэсний балет сургуулийн сурагч И.Ундрам тусгай байр, Сильфида балет сургуулийн сурагч Д.Бөртэ-үжин мөнгөн медаль, Жи-Ривер сургуулийн Т.Мэргэнчулуу, Л.Энхжин нар хүрэл медалийн эзэд болсон бол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин О.Даваадорж тусгай байрын шагнал, тус театрын жүжигчин Х.Галтулгын хувьд модерн, классик гэсэн хоёр төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Эдгээр авьяаслаг бүжигчин ирэх 2020 оны зургадугаар сард болох олон улсын балетын хоёрдугаар тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж.
Долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 4-ний хооронд тав хоног үргэлжилсэн энэ тэмцээний шүүгчээр 10 алдартай балетчин, мастер класс багшаар таван мэргэжилтэн ажиллах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг уригдан ажиллажээ.
Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлсэнээс 152 оролцогч шалгарчээ. Үүнд Монгол, Хятад, Малайз, Сингапур, Литва, Орос, Япон, Индонез, Шинэ Зеланд, Солонгос, Австрали, Америк, Куб, Герман, Канад, Украин, Польш, Казакстан зэрэг 18 орны бүжигчид багтсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ