Тойм: Айлчлал ба оймсны дуулиан

Хуучирсан мэдээ: 2019.08.04-нд нийтлэгдсэн

Тойм: Айлчлал ба оймсны дуулиан

Тойм: Айлчлал ба оймсны дуулиан

News агентлаг долоо хоног бүрийн Ням гаригт өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ОНЦЛОГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын тунхаг гаргасан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзав. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд, бизнес эрхлэгч нартай уулзах болон бусад уулзалтуудын талаар бид тухай бүрт нь мэдээлсэн. Товчхондоо, Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Монгол Улсын Ерөнхий прокурор нар багтсан юм.

ҮНДСЭН ХУУЛЬ БА УЛС ТӨР

УИХ-ын үйл ажиллагаа ерөнхийдөө түр завсарлаж, УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын дэд хэсгүүд хуралдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон бусад саналуудыг нэгтгэж байгаа юм.

Харин гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулах, санал авах ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын үйл ажиллагаа ч түр завсарлаад байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд зарим сайд нар тойрогтоо ажиллаж байгаа, гадаадад айлчилж байгаа учраас Засгийн газар хуралдаагүй юм.

ТУРК-ИЙН УИХ-ЫН ДАРГА МОНГОЛД АЙЛЧЛАВ 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп 2019 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв.   Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентон Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурав.  Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж.

АТГ БА ОЙМСНЫ ДУУЛИАН

АТГ-аас сар бүр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, мөрдөн шалгах ажиллгаа болон шийдвэрлэгдсэн авлигийн хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг уламжлалтай ч энэ долоо хоногт нийгмийг цочроосон нэгэн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн юм.  Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр нарт холбогдох хэрэгт Д.Батбаяр нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан үйлдэлд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрлөн шалгах ажиллагаа явуулж, тухайн хэрэгт гэм буруутайд тооцон нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож торгох ялаар шийтгэсэн аж. Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох хэрэгт тухайн хэргийг шалгах явцад нийт гэр болон орон байр, албан өрөө зэргээс нь хахуульд авсан нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байгаа. Гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 доллар, 70 мянган юанийг бэлнээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан байгаа. Тус хэрэгт мөн шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Хэдийгээр хэрэг нь хаагдсан ч олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү цацсан гэж байгаа ч энэ нь улс төрийн "захиалгатай" гэх хардлагыг олон нийтийн дунд үүсгээд байгаа юм.

Мөн АТГ газар Мөрдөн байцаалт явуулсан хэргийн шийдвэрлэлт 53,7 хувьтай. 2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11,9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгаж ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин тоног төхөөрөмжөөр үнэлэгдэх бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Битүүмжлэн хамгаалсан мөнгийг өмнөх оны мөн үетэй харьцуулахадл 1,3 дахин өссөн байна.

ХОТЫН ДАРГЫГ ИРГЭД “АЙЛГАВ”

Нийслэлийн түгжрэлийг буруулах зорилгоор замыг А, B, C гэсэн чиглэлд бүслэлд хувааж автомашин зорчуулахаар талаар  танилцуулсан. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан, баян, ядуугаар нь ялгах гэж байна, буруу шийдвэр гэх мэт иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс ч Хотын дарга энэ асуудлаар иргэдээс санал авч шийднэ гэв. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. Энэ бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна. Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэддээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Иргэдийн дунд хэвлэл мэдээллийн бүх салбараар санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай” гэсэн даалгавар өгчээ.

ДАНШИГ НААДАМ ХОЙШЛОВ

Нийслэлчүүд 2015 оноос эхлэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн тэмдэглэж эхэлсэн билээ. Энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов өөрчлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.

М.МӨНХГЭРЭЛ ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотод энэ өдрүүдэд болж байна. Монгол Улсын багаас охидын 49 кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. М.Мөнхгэрэл Румын, Украйны бөхчүүдийг ялж, Японы бөх Моэ Киёокад дийлджээ. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын А.Первукинаг ялж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Шиа Шианминыг ялсан байна. Өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” олон улсын тэмцээний аварга, Нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубын тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл Болгарт болж буй өсвөрийн ДАШТ-ээс Монголын багийн эхний медалийг авчирлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-д шагналт тавдугаар байранд орж байсан юм. М.Мөнхгэрэлийн энэхүү медаль өсвөр үеийн ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медаль болж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж