Чуулганы хуралдаан үргэжилж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц бол шаардлагагүй болсон байгууллага болсон. Намын нэрээр Үндсэн хуулийн цэцийн ард хамгаалагдсан 28 хүн байна. Өнөөдөр өөрсдөд нь үйл ажиллагаа нь болж байгаа юм шиг та нарт санагдаж байгаа байх. Төрийг сулруулсан, төрийн эсрэг байсан хүмүүс хэзээ нэгэн цагт шийтгэлээ хүлээсэн байгаа. Тийм учраас цэцийн асуудал дээр тодорхой заалтууд дээр гишүүд анхаараарай гэж болдож байна. Хуулийн 14 дүгээр зүйл байгаа дипломат эрхийг эдэлнэ, гэр бүлийн гишүүд нь эдэлнэ гэснийг ойлгохгүй байна. Цэц тийм бага цалинтай юм уу? Цэцэд дахин хэлье. Манаач шиг бай. Шударга бай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Цэцийн хуультай холбоотой бүрэн эрхийн асуудлыг татаад авсан. Энэ зөвхөн процесстой холбоотой асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байгаа. Цэцийг элдвээр хэлж болохгүй. Шүүхээ ингэж доромжилж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн монгол уламжлал, ах захаа бодсон ингэж хэлмээргүй байна. Шүүх бол гурван засаглалын нэг. Гэтэл тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр тэнд ажлаа хийгээд явж байгаа хүнийг доромжилж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж ирж байгаа зөв зүйтэй юмыг дэмжих хэрэгтэй. Боломжтой бол цэцэд хангамж эдлүүлэх хэрэгтэй. Өндөр мэргэжлийн хуульч нар ямар цалинтай байдаг билээ.
Энэ асуудлаар санал хураалт явуулснаар 75 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт буцаалаа.
Үүний дараа Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хохирол барагдуулна гэдгийг тодорхой тайлбарлаач.Төрийн албан хаагчийг онц ихээр хоморголон халаад төсвөөс 15 тэрбумыг төгрөг шүүхийн төлбөр төлөхөд явчихсан. Монгол төр маань үндэслэлгүйгээр халсан хүнээс хохирлыг барагдуулах зохицуулалт байна уу?Буруу шийдвэр гаргасан хүнээс бас төр хохирлоо барагдуулмаар байна шүү дээ. Иргэд хохирлоо барагдуулахаас гадна төрийн хохирлыг хэн барагдуулах юм бэ? Төрд муу хүн ажиллуулсан нь бидний буруу юм шиг боловч, муу хүмүүсээсээ хохирлоо барагдуулмаар байна.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Энэ хуулийн онцлог бол тухайн жилд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод иргэдэд үүссэн хохирлыг барагдуулах хэрэгтэй. Харин төрийн албан хаагчийн буруутай эсэхийг Төрийн албаны хуулиар зохицуулагдаж явах юм. Байн, байн төрийн хохиролд учруулаад байгаа албан тушаалтныг цаашид төрд ажиллуулах уу эсэхийг энэ хуулиар шийдэх юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төр оролцоод барагдуулах нь зөв юм. Тухайлбал, нэг нөхөр бусдыг хохироочихоод шүүх хурлын өмнө хохирлоо барагдуулна гээд хөнгөн ял авчихдаг. Дараа нь хохирлоо төлөхгүй зугатчихдаг тал байдаг. Үүнд төр оролцоод хохирогчийн хохирлыг барагдуулчихаад дараа нь хохироогчоос түүнийгээ авч болно. Гол нь төрийг хохироож, багагүй мөнгөний өрөнд унагаж байгаа төрийн албан хаагчийг хатуу шийтгэх заалт оруулах хэрэгтэй. Бусдыг ажлаас нь үндэслэлгүй халаад төсвийг бөөн оронд оруулдаг асуудлыг цэгцэлмээр байна.
Ингээд санал хураалтаар Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулснаар олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг С.Чинзориг сайд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудын талаар хувийн хэвшлээсээ асуусан уу. Энэ хууль батлагдвал хувийн хэвшлийнхэнд ямар нэгэн ачаалал үүсэх үү. Хөдөлмөрийн яам байгуулагдаад хичнээн ажлын байр бий болгосон юм бэ?.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Хөдөлмөрийн хуулийг төсөл боловсруулахдаа Ажил олгогч эздийн холбоо, МХАҮТ болон МҮЭХ-ныхноос санал авсан. Засгийн газар дангаараа ажлын байр бий болгохгүй гэдэг дээр санал нэг байна. Хууль батлагдвал хувийн хэвшилд дарамт учруулахгүй. Ажилтан, ажил олгогчийн хоёулангийнх нь эрхийг хамгаалсан. Д.Ганбат гишүүний асууснаар Хөдөлмөрийн хууль батлагдвал төчнөөн ажлын байр бий болно гэж хэлж чадахгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн албан хаагчдын эрхийг Хөдөлмөрийн хуулиар яаж хамгаалсан бэ?
О.САР