Дэлхийн 10 орны цэргийн хээрийн сургуулилтын талбайд эхэлсэн Олон Улсын цэргийн наадамд 36 улсын цэргүүд оролцож, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж байна.
Энэ жилийн наадамд дэлхийн 36 орны 200 багийн 5000 гаруй цэргийн албан хаагч оролцож буй бөгөөд нийт 32 тэмцээнд мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн иржээ. Дээрх тэмцээний 15 нь ОХУ-д, үлдсэн нь Азербайжан, Армен, Беларусь, Иран, Энэтхэг, Хятад, Казахстан, Монгол, Узбекистан улсад болох юм байна.
Хамгийн үзүүштэй тэмцээн болох "Танкийн биатлон" уламжлал ёсоор Москвагийн ойролцоох Алабино цэргийн сургуулилтын талбайд болох ажээ. Тус наадам Энэтхэг, Монгол, Узбекстанд анх удаа зохион байгуулагдах юм байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдээлснээр, уг наадам хамрах хүрээгээрээ дээд амжилт тогтоосон бөгөөд тэмцээнүүдийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах хүсэлтэй улсуудын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ.
Тэрбээр “Энэхүү наадам нь байлдааны бэлэн байдлыг сайжруулахад нөлөөлөөд зогсохгүй цэргийн алба хаагчдын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна.
2019 оны хөтөлбөрт “Ослын бүс” (аврах ажиллагааны шилдэг багийн төлөөх өрсөлдөөн), “Саяны марш” (хоёрдугаар сард зохиогдсон уулын анги нэгтгэлүүдийн өвлийн нөхцөл дэх тэмцээн), “Морин уралдаан” (морьт цэргийн ангийн тэмцээн) болон “Туйлын од” (тусгай хүчнийхний тэмцээн) гэсэн дөрвөн шинэ тэмцээн оржээ.
Гадаадад болж буй тэмцээнүүд
Энэ жил БНХАУ хамгийн олон тэмцээн зохион байгуулах аж. Тус улсад явган цэргийн байлдааны тээврийн хэрэгслийн багуудын “Суворовын дайралт” тэмцээнээс гадна зэвсгийн мастерууд өрсөлдөхийн зэрэгцээ цацраг, биологийн болон химийн тагнуулын багуудын “Аюулгүй орчин”, зенитийн их буу болон зенитийн пуужингийн анги нэгтгэлүүдийн “Цэлмэг тэнгэр” тэмцээн болох аж.
Казахстан улсад холбоочдын “Найдвартай хүлээн авалт”, нисгэгчгүй аппаратын анги нэгтгэлүүдийн “Шонхрын ан” болон “Их бууны галын мастерууд” гэсэн гурван тэмцээн зохион байгуулагдах юм байна. Мэргэн буучид болон тусгай анги нэгтгэлүүдийн цэргүүд Беларусьт ур чадвараараа өрсөлдөх нь.
Монгол Улсад “Морин цэргийн уралдаан”, Арменд “Энхийн дайчид” тэмцээн, Азербайжан улсад “Тэнгисийн цом” тэмцээн болох бол Иранд замын цэргийн байцаагчид болон шумбагчид Энэтхэгт тагнуулчид өрсөлдөх аж. Цэргийн эмч нарын буухиа тэмцээн Узбекистанд болох юм байна.
ОХУ-д болж буй тэмцээнүүд
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, энэ жилийн наадмын сонгон шалгаруулалтад Оросын 51 мянга гаруй цэрэг, 20 мянган баг оролцжээ. Ялагчид тэмцээний олон улсын шатанд улсаа төлөөлж буй юм байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт болох 15 тэмцээнд Москва мужид танкчдын “Танкийн биатлон”, цэргийн тогооч нарын “Хээрийн гал тогоо”, цэргийн цагдаа нарын “Эмх журам сахиулагчид”, аврах анги нэгтгэлүүдийн “Ослын бүс” болон цэргийн нохой сургагчдын “Үнэнч нөхөр” тэмцээнүүд багтаж буй бол Калининград мужид “Тэнгисийн явган цэрэг” тэмцээн зохион байгуулагдах аж.
Мөн Тувад Цэргийн ралли болж, Воронеж мужид хуягт тээврийн хэрэгслийн мастерууд "тулалдах" аж. Наадам наймдугаар сарын 17-ны өдөр "Танкийн биатлон" тэмцээнээр өндөрлөнө.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS