БНХАУ: АНУ-ын үйлдэл харамсахаар үр дүнд хүргэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.03-нд нийтлэгдсэн

БНХАУ: АНУ-ын үйлдэл харамсахаар үр дүнд хүргэж болзошгүй

БНХАУ: АНУ-ын үйлдэл харамсахаар үр дүнд хүргэж болзошгүй

АНУ-ын бодлого хэт туйлширч байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Пүрэв гаригт Хятадын 300 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-нээс 10 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Тэрбээр Хятад улс Америкаас авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх амлалтдаа хүрээгүй, өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байгаад ийнхүү хариу барьж байна” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр дээрх 10 хувийн татвар нь Хятадын тал яриа хэлэлцээнд хэр нааштай хандахаас шалтгаалан 25 хувь ч болж өсөх магадлалтайг сануулсан юм. Трампын энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд огцом унаж эхэлсэн билээ.

Шинжээчид Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах нь эргээд АНУ-д илүү сөрөг нөлөөтэй, Америкийн эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг сэрэмжлүүлсээр байна.

Өнгөрч буй долоо хоногт хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотноо хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээ хийсэн ч тодорхой үр дүн багатай байгаа нь Трампын дургүйцлийг төрүүлсэн бололтой. Гэвч хоёр талын төлөөлөгчид энэ удаагийн яриа хэлэлцээг амжилттай болсон, ирэх есдүгээр сард дахин уулзана хэмээн мэдэгдээд байгаа юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин “АНУ татвараа нэмэгдүүлбэл Хятадын тал хариу арга хэмжээ авна. Өөрсдийнх нь гаргасан үйлдэл эргээд харамсахаар үр дагаварт хүргэж болзошгүй учир АНУ иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийнхээ өмнө нухацтай бодолцох хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хэлжээ.

Мөн тэрбээр “АНУ шахалтаа чангатгаж буйд БНХУ-ын эрх баригчид хариу арга хэмжээ авч болзошгүй бөгөөд худалдааны “дайн”-ыг даамжруулсныхаа төлөө АНУ хариуцлага хүлээх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ "Global times"-т АНУ-ын бусад оронтой өрнүүлж буй харилцаа БНХАУ-ын эсрэг чиглэх ёсгүйг онцолжээ. Мөн өнгөрсөн Лхагва гаригт АНУ болон Монголын удирдагчид уулзаж, хоёр улсын чөлөөт худалдааны гэрээ болон Монголын ховор металлын ордуудад АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар албаны хүмүүс мэдээлснийг дурджээ.

Улмаар "Дээрх мэдээлэл нь БНХАУ ховор металлын нөөц бололцоогоо АНУ-ын эхлүүлсэн худалдааны дайнд зэвсэг болгон ашиглаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Одоо АНУ ховор металлын хомсдолд орсон мухардлаас гарахын тулд Монгол руу эргэж байна уу?”

АНУ БНХАУ-ын хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэх нь бүс нутгийн хамтын ажиллагаа болон хамтын хөгжилд хувь нэмэр оруулж, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд БНХАУ эсэргүүцэхгүй. Үүнийг АНУ ойлгох хэрэгтэй.

БНХАУ-ын хөгжил нь хөрш орнуудын хөгжил дэвшлийн суурь хүч болж ирсэн. Зөвхөн цэргийн албан хаагчдыг сургаж, цэргийн тусламж үзүүлснээрээ БНХАУ-ын хөрш орнуудыг хөгжүүлж чадахгүйг АНУ ухамсарлах ёстой" гэжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС, GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж