“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ОБАМА БАЙСАН БОЛ МОНГОЛЫГ ДУБАЙ ШИГ БОЛГОЧИХ БАЙСАН"
Монгол эх орноо мөнгөөр солих цэвдэг сэтгэлтэн байхад харь орноос хүргэн болж ирээд өөрийн нутаг шиг хайрлаж, хамгаалах нь бас бий. Түүнийг Дмитрий Лаверс гэдэг. Бельги улсын иргэн. Жил бүрийн зун Монголд гэр бүлээрээ ирж, сайн үйлсийн аян хийдэг. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр ууланд гарсан түймэр унтраахад хүртэл сайн дураараа оролцож явсан удаатай. Түүнтэй уулзаж сонирхолтой яриа дэлгэлээ.
-Монголд ирэх тоолондоо сайн үйлсийн аян хийдэг гэж сонслоо. Яагаад тэр вэ?
-Хувь тавилан надад ухаантай, үзэсгэлэнтэй Монгол бүсгүй бэлгэлэсэн. Түүнийг н.Мягмарсүрэн гэдэг. Бид хамтдаа амьдраад таван жил болж байна. Хоёр хүүтэй. Бид жил бүрийн зун амралтаараа Монголдоо ирж амардаг юм. Яагаад сайн үйлсийн аян хийх болсон бэ гэвэл, ийм сайхан гэр бүл заяасан Монгол оронд би эргээд төлөх өртэй гэж бодсон. Баярласан сэтгэлээ илэрхийлж буй арга гэхүү дээ. Миний хайрласан хүн Монгол учраас би эх орон, ээж аав, ахан дүүсийг нь мөн хайрлах ёстой. Энэ утгаараа Монголын ирээдүй болсон бяцхан үрс, ядарсан хүмүүст өөрийн чадах чинээгээрээ туслахыг хичээдэг.
-Энэ удаа ямар хүмүүст туслав, хэр хүлээж авч байна?
-Бид өнчин хүүхдүүдийн асрах газар, гэр хорооллын ядуу айл өрх болон Нарангийн энгэрт хог түүдэг хүмүүст бэлэг өгсөн. Бид хэрэгцээгээ танаж, мөнгөө бага багаар цуглуулсаар гурван сая төгрөг болохоор нь бэлэг бэлдсэн юм. Нэг удаа ч гэсэн хүмүүс баярлаг дээ гэж бодсон. Хөдөөнөөс нүүж ирээд удаагүй, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, мөн хоёр жаахан хүүхэдтэй хэвтрийн өвчтэй залуухан бүсгүй гээд жинхэнэ тусламж хэрэгтэй хүмүүс байв. Ууттай бэлэг аваад ороход зарим нь мэгштэлээ уйлж байсан. Өөрийг нь гээд ирэх хүний сайхан сэтгэлээр тэгтлээ дутаж шүү дээ. Ялангуяа Нарангийн энгэрт байсан хүмүүс орчлонгоос тасарчихсан юм шиг санагдсан. Зурагт, интернэт, дуу хөгжим, мэдээ мэдээлэлгүй зөвхөн өнөөдөр юу олж идэх вэ гэсэн ганц бодолтой.
-Хэн нэгэнд туслаад баярлаж буй царайг харах сайхан. Ийм мэдрэмжийг буян хийдэг хүн л авч чаддаг байх?
-Тийм л дээ. Гэхдээ хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. Аав ээж нь архинд орчихсон хүүхдүүд асрамжийн газарт цаанаа л гунигтай, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжийн сэтгэл өдрийн хоолондоо санаа зовоостой, өвчтэй хэвтэх эмэгтэйн хүүхдүүд хар багаасаа хөдөлмөр хийж, өөрсдийгөө тэжээх гээд л хүн бүрийн зовлон надад их гүн мэдрэгдсэн. Одоо ч гэсэн тэр дүр зураг нүдэнд харагдсаар л байна.
-Уг нь Монголчууд бид ингэж амьдрах хүмүүс биш. Том газар нутагтай, баялаг ихтэй, гуравхан сая хүн амтай. Гэтэл ядуу байгаагийн учрыг та юу гэж бодож байна?
-Энэ бол ерөөсөө л төр засгийн буруу үйл ажиллагаатай холбоотой. Монгол бол үнэхээр сайхан орон. Хөгжих маш их боломжтой, давуу талтай. Хэрэв Монголын Ерөнхийлөгч Обама байсан бол Монгол орон Дубай шиг хөгжих байлаа. Иргэд нь гадагшаа явж хар ажил хийх биш, гаднаас ажиллах хүч аваад өөрийн нутагтаа баян, жаргалтай амьдарна. Хамгийн гол нь төрд ажиллаж байгаа хүмүүс шударга, хахууль авдаггүй, иргэддээ хүрч ажилладаг, нийгмийн халамж хүрэлцээтэй байх хэрэгтэй. Монголд хүүхдийн халамж гээд 20-хон мянган төгрөг өгдөг гэдгийг сонсоод би их гайхсан. Энэ чинь наймхан евро. Ядаж нэг сав хүүхдийн нэмэлт сүү авч хүрэхгүй.
Ц.АРИУНЗАЯА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"МОНГОЛЫН ТҮҮХИЙГ БУЛААЛДАХ НЬ УТГАГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ЖИНХЭНЭ ТҮҮХЧИД ҮЗДЭГ"
“Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино бүтээж буй найруулагч Б.Баяртай ярилцлаа.
-Таныг “Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино бүтээхээр зураг авалтаа олон улсад хийж байгаа талаар дууллаа. Тус баримтат киног бүтээх санаачилга анх хаанаас гарав. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
-“Монгол хувцасны нууц товчоо” хэмээх төслийг анх "Монгол костюмс" төвөөс санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. “Монгол костюмс” төв байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хувцасны соёл, түүхийг олон нийтэд таниулах, сурталчлах тал дээр анхаарч, ажиллаж ирсний нэг тод жишээ бол “Монгол хувцасны нууц товчоо” төсөл байгаа юм. Энэхүү төслийнхөө хүрээнд археологийн олдвороос олдсон хувцасны загварыг дуурайлган дахин урлаж, эртний хувцсаар театрчилсан шоу тоглолт хийж байгаа. Тус төвийн захирал Б.Сувд монгол хувцасны талаарх судалгааг олон улсад хийж, түүгээрээ гурван боть ном хүртэл гаргасан байдаг. Энэ төслийн хүрээнд маш олон ажил хийгдсэн, цаашид хийгдэх ёстой ажлын нэгээхэн хэсэг бол баримтат кино юм. Төсөл төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно.
-Яагаад заавал хувцас хэмээх энэ эд зүйлийг сонгох болов. Монголчуудын өмсч ирсэн энэ уламжлалт хувцасны нууц нь юунд оршиж байна вэ?
-Хувцас бол түүхэн цаг хугацааны хувьд өөрчлөгддөг боловч язгуур элементээ авч үлдэж байгаа нь маш олон судалгаагаар нотлогдож байгааг бид өнөөдөр харж байна. Монгол хувцасны түүх, соёл гэдэг бол монголчуудын түүх. Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хувцасны соёл, түүхээс илхэн харж болно. Үүнийг үгүйсгэдэг хүмүүс Монголд ч бий. Бид хувцас гэдэг зүйлээр дамжуулан үр хойчдоо Монголын түүхийг өгүүлэх, сурталчлах, дэлхий нийтэд таниулахыг зорьж байна. Манай судлаачид архивын материалаа ухаад суух биш, тэр ажлаа түр хойш тавиад очиж үзэх хэрэгтэй. Олон газраар явж, нүдээрээ харах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Киноныхоо зураг авалтыг ОХУ-ын Казань хотод хийсэн талаар цахим хуудастаа бичжээ. ОХУ-ыг сонгосон нь учиртай байх?
-Киноны зураг авалтыг зөвхөн ОХУ-д биш, олон оронд хийж байгаа. Зураг авалтаар явахаасаа өмнө бид маш их судалгаа хийж, төлөвлөгөө гаргасан. Үүнийхээ дагуу, бид хамгийн эхэнд БНХАУ-ын Шанхай хотын урлагийн их сургуулийг зорьсон. Түүний дараагаар Ил Хаадын нутаг болох Иран, Катар, Узбекистан зэрэг улсыг зорьсон. Мөн Энэтхэгийн монгол угсаатай хаадын байгуулсан Их Могул улс, Тува, Буриад, Өвөрмонголд зураг авсан. Мөн хуучин Алтан ордон улс байсан ОХУ-ын Казань хотод очиж, зураг авлаа. Судалгааны явцад, зураг авалтын үед юм үзээд, уншаад ирэхээр зураг авах ёстой улсууд нэмэгдэж байна. Тухайлбал, Азербайжан, Якут, Манжуур, Халимаг, Непал гэх мэт улсад зайлшгүй зураг авах шаардлага нь судалгааны явцад гарч ирж байна. Бид өмнө нь Халимагт зураг авч байсан. Гэхдээ дахин зураг авах шаардлага бий болсон.
Э.УРАНЦЭЦЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
МИСС О.ЦАЦРАЛ: ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ЧИГЭЭР НЬ БРЭНД БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
АНУ-д сурч, амьдарч буй, Эх дэлхийн элч төлөөлөгч, мисс Оюундалайн Цацралтай ярилцлаа. Хүмүүс Tsatsral Anjila инстаграм хуудас, Youtube-д Tsatsral Dalaijargal-аар нь илүүтэй мэдэх бөгөөд түүнийг радио сонсогчид, ойр дотныхон нь Анжила гэж дууддаг.
-Хоёулаа ярилцлагаа таны эрхэлж буй ажлаас эхэлье?
-Монголын шилдэг сайтын нэг “News.mn” сайтын хамт олонд намайг хүндэтгэн урьсанд баярлалаа. Одоогоор Америкийн нэгдсэн улсад суралцаж амьдарч байна.
-АНУ-д хэзээнээс амьдарч эхэлсэн бэ? Ямар учраас тус улсыг зорих болов?
-Монголд радиод 13 жил ажиллаж байгаад, монгол залуустаа англи хэл дээр шинэлэг хөтөлбөрүүд хүргэхийг хүссэн болохоор дөрвөн жилийн өмнө АНУ-д оюутан болж ирсэн.
-Харвардын их сургуульд хэрхэн элссэн тухайгаа ярихгүй юу. Ямар шалгуурууд хангасан байх ёстой байдаг вэ?
-Hi, Bye хоёр үгнээс өөрийг мэдэхгүй хэл сурах гэж ирсэн надад Харвард алс холын зүйл санагддаг байлаа. Гэсэн ч энэ миний хүүхэд насны мөрөөдлүүдийн нэг байсан болохоор идэх хоолгүй хонодог байсан хүнд хэцүү өдрүүдэд ч би мөрөөдсөөр л байсан нь магадгүй миний жижигхэн амжилтыг бүтээсэн байх.
-Энэ мундаг сургуульд ороод шантрах үе байсан байх. Тэр болгоныг яаж давдаг байсан бэ?
-Шантрах гэхээс илүү намайг улам хурцалж хүчтэй болгодог. Одоогоор би Харвардын их сургуулийн хагас цагийн оюутан. Учир нь анх Лос Анжелес, Калифорниагийн UCLA англи хэлний сургуулиа төгсөөд, Лос Анжелес хотын коллеж программ дуусах үетэй зэрэгцэн надад маш сайхан боломж олдсон. 100 хувь тэтгэлэгтэй магистрын зэрэг хамгаалах боломж тохиосон юм. Одоо Лос Анжелес хотдоо Бизнес удирдлагын магистр зэрэг хамгаалахаар бүтэн цагаар суралцаж байна.
-Та “Эх Дэлхийн Элч Төлөөлөгч Мисс” титмийн эзэн болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-2018 оны арваннэгдүгээр сард “Мисс Азиа Америка” 30 жилийн ойн төсөлд Монгол Улсаа төлөөлж оролцсон. “Miss Global Ambassadors” буюу Эх Дэлхийн Элч Төлөөлөгч Мисс гэсэн нэр хүндтэй өргөмжлөл титмийг эх орноо төлөөлөн хүртсэндээ үнэхээр баяртай байдаг.
Ч.НАНДИНЦЭЦЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.