Дэлхийн чансааны №51-д эрэмбэтэй Тунисын шигшээ баг сагсан бөмбөгийн ДАШТ-д 2 дахь удаагаа оролцох гэж байна. Тунисын шигшээ баг 2012 онд анх удаагаа олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж байсан бол 2010 оны Турк улсад болсон ДАШТ-д анх удаагаа мөн оролцсон. Гэхдээ Тунис улсын шигшээ баг олимп, ДАШТ-ээс ганц ч хожил авч чадаагүй. Хятадад ирж буй Тунисын шигшээ багийн эхний зорилго бол хожил авахын төлөө байх болов уу? Арга ч үгүй биз, амжилтын түүх байхгүй “хар” тивийн төлөөлөл Тунис энэ удаа ч хожил авахад тун хүнд байна.
Тунисын шигшээ баг Африкийн бүсээс эхний шатандаа Камерун, Чад болон Гвинейн шигшээ багуудтай өрсөлдөн ганц ч хожигдолгүйгээр II шатанд шалгарсан. Тивийнхээ II шатанд Камерун, Египет, Морокко, Камерун болон Чадын шигшээ багуудтай өрсөлдөж 10 хожил, 2 хожигдолтойгоор хэсгээ тэргүүлснээр Хятадыг зорих тийзээ захиалах эрхтэй болсон. Хэсгийн II шатны өрсөлдөөнд П.Сиакам болон Ж.Эмбийд нарын НБА-н шилдэг тоглогчидтой Камеруны шигшээ багийг гэрт нь үлдээсэн нь бас л нэгэн сенсаци юм. Тунисын шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээ зарлаагүй байгаа ч 2017 оны Африк тивийн аварга болсон багийн бүрэлдэхүүн бараг тэр чигээрээ Хятадад ирэх боломжтой байгаа. Мэдээж багийн гол “хөзөр” нь Даллас Маверикс багт данстай төвийн тоглогч Салах Межри байна.
Эхний ээлжинд ДАШТ-ээс хожил байгуулахын төлөө тоглох Тунисын шигшээ баг дэлхийн аваргын С хэсэгт Испани, Пуэрто-Рико болон Ираны шигшээ багуудтай тоглоно. Эхний тоглолтоо Испаний багтай хийх бөгөөд дараагийн 2 тоглолтоос ямартаа ч хожил авахын төлөө тоглох болов уу? Испаний хамгийн хүнд өрсөлдөгч байх бол АНУ-ын доминион Пуэрто-Рикогийн эсрэг тоглолт бас л хүнд байна.
Б.БЯМБАБАЯР