Турк дэх Тайландын элчин рүү халджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Турк дэх Тайландын элчин рүү халджээ

 

Туркийн Истанбул хотноо орших Тайландын элчин сайдын яам руу жагсагчид халджээ. Тайландын албаныхан 109 уйгур цагаачдыг Хятад руу буцаасныг эсэргүүцэн туркууд ийм үйлдэл гаргасан аж. Жагсагчид Тайландын элчин сайдын яамны хаалга, цонхыг нь хагалан дотогш нэвтэрч, тавилга, зураг зэргийг нь эвдэж сүйтгэсэн байна. Үймээний үеэр Истанбулын цагдаа нар есөн хүнийг баривчилжээ. Бээжингийн талаас аюулгүй байдалд нь баталгаа гаргаснаар уйгур цагаачдыг шилжүүлэн өгсөн гэж Тайландын албаныхан мэдэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Турк Тайландаас 173 уйгур цагаачийг шилжүүлэн авсан аж. Тухайн үед Бээжин дургүйцлээ илэрхийлэхэд Тайланд цагаачдыг туркууд байсан хэмээн тайлбарлажээ.

 

Шинжаан дахь уйгур үндэстнүүдээс болж Турк Хятадын харилцаанд үл ойлголцол үүсэх болсон аж. Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгур үндэстнүүдийг исламын шашны Рамадан сарын үеэр мөргөл үйлдэж, мацаг барихыг хориглосон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Шашин нэгтэй уйгур үндэстнүүдийг туркууд дотночлон үзэж, Бээжингийн хавчлага, дарлалаас дүрвэн ирвэл хүлээж авна гэдгээ амлажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж