Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам мягмар гаригт урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Баяр наадмын сурын харваа өчигдөр буриад сур, өнөөдөр хүүхдийн харваагаар үргэлжилж байна.
Баяр наадмын энэ өдөр Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын мэргэн, Буриад сурын Дархан мэргэн Б.Цэцэгтэй ярилцлаа.
-Ингэхэд Мэргэн маань одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Одоо 66 нас хүрч байна. Энэ сайхан спортынхоо буянаар сурын талбайдаа харвасаар явна.
-Буриад сурын харваагаар Дорнод аймгаас олон мэргэд төржээ? Таны анхны багшийг хэн гэдэг вэ?
-Одоогоос 30-аад жилийн өмнө буриад сураар харваж эхэлсэн. Миний анхны багш бол Дорнод аймгийн Баян-Овоо сумын харьяат Д.Базаргүр гэж хүн байсан. Багш маань анх надад сурын эрдмийг заахдаа “Хүү минь чи буриад сур л сайн харвах юм байна даа” гэж хэлж байсан юм. Багшийн минь хэлсэн тэр урмын үгийн увидас надад их том хүчийг өгсөндөө. Тэр сайхан үгэнд итгэсэн минь өдий зэрэгт хүрсэнийх гэж боддогийн.
-Улсын наадмын буриад сурын харваанд түрүүлсэн таны амжилт эвдэгдээгүй байна. Харин үндэсний сурын харваанд хэр амжилт үзүүлж байсан бэ?
-Буриад сурын харваанд надаас өөр 10 удаа түрүүлсэн хүн байхгүй байгаа. Багшийнхаа хайр хишгээр, нутаг орон, түмэн олныхоо буянаар өдий зэрэгтэй яваа гэж боддог. Харин үндэсний сурын харваанд 10 удаа айргийн тавд шалгарч байсан. Би 2001 онд Монгол Улсын мэргэн цолыг аваад “Алдар” спорт хороонд 9 жил багш, дасгалжуулагчаар ажилласан.
-Таны хүүхдүүдээс харваач болсон хүн байгаа юу?
-Миний отгон хүү болох Оюунгэрэл үндэсний болон буриад сур харвадаг. 2001 онд 17 настайдаа спортын мастер цол авч байсан. Хүү маань цэргийн хүн болоод сүүлийн жилүүдэд харвахгүй байгаа. Энэ жил хүү маань ээжийгээ дэмжихээр ирээд байгаа. Саяхан Афганистан улсад энхийг сахиулах үйлсэд оролцоод ирсэн.
-Энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ хаана хангасан бэ?
-Баяр наадмын бэлтгэлээ “Хүч” спорт хорооны баг тамирчидтай хамтарч Тэрэлжид хангасан. Манай багийн ахлагч Монгол Улсын хошой мэргэн Ц.Баасанхүү юм. Бид хоёр 2001 онд улсын их баярын наадмын халх сурын харваанд түрүүлж байсан. Тэр жил би 51-тэй, Ц.Баасанхүү 21 настай байсан. Сүүлийн жилүүдэд Ц.Баасанхүү мэргэнтэй бэлтгэлээ хийж байна. Манай багт 10 гаруй харваач байгаа.
-Хэдийгээр та хожуу энэ спортод хүрсэн ч өндөр амжилтыг үзүүлжээ. Мэргэндээ спортын өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.
-Баярлалаа. Монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна. Сур харваа их сайхан спорт. Насны хязгаар байдаггүй. Харваач түмнийхээ буянаар өдий зэрэгтэй явна. Энэ жил Дорнод аймгийн Баяндун сумын 90 жилийн ой тохиож байна. Аав, ээжийн, миний төрсөн нутаг юм. Ингээд Монголын бүх харваач түмэндээ, нутгийн ард түмэндээ баярын мэнд хүргэж байна.
Ч.БОЛОР