Зарагдаж байгаа малын эрүүл ахуйг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Зарагдаж байгаа малын эрүүл ахуйг хянаж байна

Хуучны жилүүдэд наадам дөхөхөөр буюу зургадугаар сарын дундуур үеэс эхлэн наадмын хонь борлуулахаар малчид хотыг зорин ирж, баруун, зүүн захаар зам дагуу зогсч малаа зардаг байсан бол өнгөрсөн жилээс хот дотор мал оруулж ирэхийг Мэргэжлийн хяналтын газраас хориглосон юм. Улмаар Баянзүрхийн товчоо, Эмээлтэд малын захыг төвлөрүүлж, “наадмын” хонь, ямааг худалддаг болсон. Энэ жишгийн дагуу энэ жил ч хонь, ямааг хотын хоёр захын төвлөрсөн малын захад борлуулж байна. 

Мөн хот руу малчид хулгайгаар орж, ил задгай хонь, ямаа худалдахаас сэргийлж, Мэргэжлийн хяналтын байцаагчид  явуулын хяналтыг  тогтмол хийж, малын ченжүүдийн худалдаалж буй малын гарал үүслийн бичгийг шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтэд  малын төвлөрсөн худалдаа, зах ажиллаж байна. Энэ малын захад өдөрт ойролцоогоор 200-300 малчин, ченжүүд мал борлуулдаг. Тэд "Эмээлт" захад өдөрт таван мянган төгрөгийн хураамж төлдөг гэлээ. Мөн тус захад малын эмч ажиллаж, борлуулалтад байгаа малын эрүүл эсэхэд хяналт тавьдаг аж.

"Эмээлт"  захад зөвхөн малчид холоос ачин ирсэн малаа борлуулдаггүй. Малчдаас малыг худалдан авч дамлан зардаг ченжүүд ч байна. Мөн мал худалдааг дагаад түүнийг нядлах, гэдэс дотрыг нь цэвэрлэх хувь иргэдийн үйлчилгээ ч тэнд бэлэн байх юм.Тодруулбал нэг малыг 10 мянган төгрөгөөр нядлаж, гэдсийг нь таван мянган төгрөгөөр цэвэрлэж, чанаж идэхэд бэлэн болгодог гэнэ.

Д.УЛАМБАЯР 

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж