- Цэнгэлдэх хүрээлэн: “Old Trafford” 74,879 хүний багтаамжтай
- Дасгалжуулагч: Оле Гуннар Сульшер
- Багийн ахлагч: Антони Валенсиа багаа орхисон
- Лигийн аварга: 20 удаа
- Цомын аварга: 12 удаа
- Холбоодын цом: 21 удаа
- Лига кап цом: 5 удаа
- Европын тавцанд үзүүлсэн амжилт: Аваргуудын лигт 3, Европа лигт 1, супер цомд 1, цомтой багуудын цомд 1 удаа түрүүлсэн
Английн хамгийн алдартай клубуудын нэг болох Манчестер Юнайтед клубын амжилтыг ярих гэвэл М.Басби болон А.Фергюсон нарын эрхмүүдийг дурсах ёстой. Учир нь Манчестер Юнайтед клубын Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлсэн 20 цомын 5 нь М.Басби, 13 нь А.Фергюсонд, 12 удаагийн ФА цомын 2 нь М.Басиб, 5 нь А.Фергюсонд, Английн хөлбөмбөгийн Холбоодын 21 цомын 5 нь М.Басби, 10 нь А.Фергюсонд, Аваргуудын лигт түрүүлсэн 3 цомын 1 нь М.Басби, 2 нь А.Фергюсоны үед хүртсэн байдаг. Дээрх 2 эрхэм бол Английн алдарт Манчестер Юнайтед клубын ялгуусан их амжилтын гол жолооч нь байсан юм. Манчестер Юнайтед клубын түүхэнд тодоор бичигдэх М.Басби 26 жил, А.Фергюссон 28 жил клубын дасгалжуулагчаар ажиллаж дээрх бүх амжилтыг бүтээсэн байна.
Шотланд мэргэжилтэн А.Фергюсон 2012-2013 оны улирлыг өндөрлүүлээд Манчестер Юнайтед клубыг орхисон. Түүнээс хойш Д.Мойс, Р.Гиггз, ван Гаал, Ж.Моуриньо болон О.Сульшер гэсэн дасгалжуулагчид 6 жилийн турш Манчестер Юнайтед хэмээх хүлгийн залуур дээр суусан ч төдийлөн амжилтанд хүрч чадахгүй л байна. Португал мэргэжилтан Ж.Моуриньо ирээд 2 жил удирдахдаа Европа лиг, Холбоодын цом болон Лига кап цомд тус бүр нэг түрүүлсэн бол Д.Мойс Холбоодын цомд 1, ван Гаал ФА цомд нэг түрүүлсэн. Алдарт А.Фергюсоноос хойш 2017-2018 оны улиралд Ж.Моуриньо лигийн дэд байранд аваачсан нь премьер лигт үзүүлсэн хамгийн өндөр амжилт болоод байна. Өнгөрсөн улиралд ТОП-6-н өрсөлдөөнд хамгийн сүүлд буюу лигтээ 19 хожил, 9 тэнцээ, 10 хожигдолтойгоор 66 оноо авч хүснэгтийн 6-рт бичигдсэн. Мөн өнгөрсөн улиралд дасгалжуулагчийн халаа сэлгээтэй, тоглогч болон дасгалжуулагчдын хооронд багагүй асуудалтай байсан.
Ирж буй улиралд Манчестер Юнайтед клубын экс довтлогч О.Сульшер багаа удирдан оролцоно. Түүнд багаа аваргуудын лигт эргэн авчрах, лигтээ алдаад буй байр суурийг нь эргэж авчрах хүндхэн даалгавар ногдож байгаа. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь Манчестер Юнайтед клубын дасгалжуулагч О.Сульшер наймааны зах дээр зоримог бус, том тоглогчид руу, дундаж тоглогчид л авчирч байна. Тухайлбал, Кристал Палас клубээс А.Ван-Биссакаг, Соунси Сити клубээс Д.Жэймсийг авчирсан. Харин А.Эррераг ПСЖ руу, багийн ахлагч А.Валенсиаг төрөлх нутаг руу нь явуулаад байна. Магадгүй багийн лидер тоглогч П.Погба ч шинэ улирал өөр багт эхлүүлэхийг үгүйсгэхгүй юм. Дээр нь Р.Лукаку бараг багаа орхих нь тодорхой болоод байгаа. Манчестер Юнайтед ТОП түвшинд тоглох гэвэл хамгаалалтаа илүү хүчирхэгжүүлэх шаардлагатай. Иймээс Лейстер Сити клубээс Х.Магуайрыг авчрах талаар маш идэвхтэй ажиллаж байна. Ирэх улирал О.Сульшер хэрхэн багаа удирдаж, томчуудтай өрсөлдөхийг харах л үлдэж байна.
Б.БЯМБАБАЯР