УБТЗ ачаа тээврийг 34 сая тоннд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

УБТЗ ачаа тээврийг 34 сая тоннд хүргэнэ

УБТЗ ачаа тээврийг 34 сая тоннд хүргэнэ

Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ой, төмөр замчдын баярын өдөр өнөөдөр /2019.08.02/ тохиож байна.

Тэртээ 1949 онд Монголын анхны галт тэрэг дуут дохиогоо хангинуулан  УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр ирж байв. Энэ үеэс хойш  төмөр замын бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөсөн түүхтэй. Ачааны хүндийг үүрэлцэж улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төмөр замчдад УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УБТЗ-ын удирдлагууд баярын мэнд хүргэсэн юм. Энэхүү баярын үйл ажиллагаанд нийт 3000 орчим төмөр замчид оролцож байна. УБТЗ нийгэмлэгийнхэн 2018 онд түүхэндээ байгаагүй амжилтыг тогтоож 25 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэж  тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа тодотгов.

2019 ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ӨРНҮҮЛНЭ 

УБТЗ ХНН-ийн дарга Д.ЖИГЖИДНЯМАА: 

Улаанбаатар төмөр замын түүхэн 70 жилийн ойн баяр тохиож байна. Уг түүхэн баярыг угтаж энэ онд манай хамт олон бүтээлч ажлын аян өрнүүлж байна. Он гарснаас дуусах хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Өнгөрсөн хугацаанд Алтанширээт нефтийн үйлдвэрийн замыг барьж ашиглалтад ороход бэлэн болгосон бол Сүхбаатар өртөөний өргөтгөлийн ажлыг эхлүүллээ. Нийт 30 км зам засварын их ажил энэ сарын 15-нд бүрэн хэрэгжиж дуусна.

Хөдөлгөөнт радио холбооны тоног төхөөрөмжийн суурилуулалтыг хийх туршилтыг өчигдөр амжилттай хийлээ. Энэ мэтчилэн олон бүтээлч ажлуудыг хийнэ. Гэхдээ өнөөдрийн байдлаар ажлын байрыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх ажил хийгээгүй, бидний зүгээс одоо үргэлжилж буй бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хөдөлмөрийн бүтээмжийг  өнгөрсөн онтой харьцуулахад зургаан хувиар өссөн. Төмөр замчид баяр наадмаа тээврийн өндөр үзүүлэлттэй угтдаг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмөр замын тээврийн эргэлт найман хувиар өслөө. Энэ жил Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотой манай төмөр замын орлого эрс өссөн үзүүлэлттэй байна. Цаашид ч бас энэ эрчээрээ сайхан ажиллана.

МОНГОЛ УЛС АНХ УДАА 25 САЯ АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ 

Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН:

-УБТЗ нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсад томоохон  бүтээн байгуулалтыг УБТЗ хийнэ. Энэхүү ган замыг холбосон нийт ахмадууддаа ажилтан албан хаагчид, УБТЗ-д ажил амьдралаа холбох залууст халуун баярыг дэвшүүлье. УБТЗ өнгөрсөн жил 25 сая ачаа тээвэрлэсэн нь түүхэнд байгаагүй үйл явдал юм. Удахгүй технологийн шинэчлэл хийж, автомажуулах системд шилжинэ. Ингэснээр нэг цагт 10 мянган вагон ирнэ гэсэн үг. Энэ бол ачаа тээвэрт маш том эргэлт гарна гэж үзэж байна.

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 34 САЯ ТОНН-Д ХҮРГЭНЭ 

 УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга АЛЕКСАНДР СЕРГЕЙВИЧ: 

Монголын ард түмэн болон төмөр замчдад Улаанбаатар төмөр зам байгуулагдсан халуун баярын мэндийг хүргэе. Бид өчигдөр тээвэр зохион байгуулалтын шинэ туршилтын үйл ажиллагаанд оролцлоо. Тээвэр зохион байгуулалтыг шинэчилснээр 25 сая давсан ачаа тээвэрлэж, 34 сая тоннд хүрнэ. УБТЗ-ыг хоёр жилийн хугацаанд нэн тэргүүнд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  260 сая ам.долларын өртөгтэй ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд УБТЗ нь найман өртөөг шинэчилж, шинэ зам зүлгүүр байгуулж, ачааны болон шинэ зүтгүүрийн тоог нэмэгдүүлэх юм. Төмөр замчдын өмнө тавигдаж буй хамгийн том шаардлага бол энэ бүх ажилд бэлэн, сургалтын чанараа сайжруулан төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь сайжруулахад орших юм.

Төмөр замчдын дунд үе дамжсан төмөр замчин олон бий. Тэдний нэг нь  н.Сүхбаатар  Тэрбээр Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод 23 жил ажилласан бол эцэг эх нь 40 жил ажиллажээ. Тэрбээр  "Миний бие мэргэжлээрээ хамт олноороо бахархах сэтгэл төрж, маш их догдолж байна. Миний ээж УБТЗ-ын удирдах газарт нарийн бичиг, аав маань УБТЗ-ын Ашиглалтын албанд инженер байлаа. Миний хувьд УБТЗ-ын төрөх эмнэлэг гэж байхад тэнд мэндэлж, Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг төгссөнөөс хойш амьдралаа ганзамтай холбож явна” гэсэн юм. Төмөр замчид маргааш Хүй долоо худагт наадамлана.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж