Эвтэй найртай, энх тунх наадъя

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Эвтэй найртай, энх тунх наадъя

Улс төрийн хүрээнд үүсэн, хоёр намын толхилцоо, засаг төрийн тогтворгүй байдал төрийн тэргүүний оролцоотойгоор түр намжсан. Гэвч, Ерөнхийлөгчийг Уфа-д болох гурван улсын төрийн тэргүүний уулзалтад оролцохоор ОХУ-д ажлын айлчлал хийхээр мордсон ар хударгаар нь засгаа унагаах, хөмрөх тухай асуудал ахиад улс төрийн хүрээнд өдөлж эхлэв. Адгийн эр л араас нь хутга дүрдэг гэдэг дээ.

Төрт ёсны баяр, Үндэсний их наадам хаяанд ирчихээд байхад засгаа самрах хүсэл Монголын ард түмэнд байхгүй. Харамсалтай нь, засгийг огцруулъя хэмээн “чарлаад” гүйгээд байгаа гишүүдэд ямар эрх ашиг, ямар сонирхлоор төрөө төнхөхийг хүсээд байгааг нь ойлгохгүй байна. Засгийн газрыг огцруулснаар долларын ханш буурах уу, хөрөнгө оруулалт нэмэгдэх үү, ган гачиг тайлах уу. Ер нь юу нь сайжрах юм бэ? Хэн сайд болох нь юунд хэрэгтэй юм бэ?

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий” гэсэн мэргэн үг байдаг. Засгаа огцруулах гээд эсрэгээрээ эдийн засгаа дампууруулчих вий, Ардчилсан намынхан минь. Сайдын намтар, сандал суудал байхад иргэд нь ядуурч, эдийн засаг элгээрээ хэвтэх нь хамаагүй биз дээ, та нарт. Тэгээд ч эдийн засгийн хямрал баячуудын нуруун дээр бус борчуудын нуруун дээр буудаг. Тэр утгаараа засгаа хөмөрч, эдийн засгаа дампууруулах нь Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нарын хүмүүст хамаагүй байж болох юм. Хатуу ширүүн үгтэйгээрээ алдартай Ц.Нямдоржийн хэлдсэн “нэг этгээдэд Монголын төр хичнээн удаа тоглуулах гэсэн юм бэ” гэдэг үг ч үнэн. Үүнийг мэдсээр байж, нэг этгээдээр Монголын төр, монголчууд ажил амьдралаараа удаа дараа тоглуулсаар байх гэж үү?

Засаг муу ажиллаад байгаадаа биш байх. МАН гэрээгээ биелүүлээгүйдээ ч биш. Энэ бүх улс төрийн увайгүй хэрүүл Ардчилсан намын “зодоон” даамжирч, бүр хүнд хэлбэр рүүгээ орсны шинж. Сандал суудал, эрх мэдэл, байгалийн баялаг, төмөр замын сүлжээнд улайрсан хэсэг бүлэг хүмүүст Ардын намынхан ч, Ардчилсан намынхан ч, ард түмэн ч доромжлуулаад суумааргүй байна. Ард түмэн ч АН-ын бодож байгаа шиг тэнэг хүмүүс биш билээ.

Эрх мэдэл хүрч л байвал ард түмэн яаж наадах нь чухал биш байж болно. Харин ард түмэн морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн төр нь амгалан элгээрээ энх, төрлөөрөө төвшин наадахыг хүсч байгаа. Эрх мэдлийн төлөөх, эрх баригчдын сандал суудлын хэрүүл баяр наадмыг маань бас битгий үймүүлчихээсэй дээ. Наадмын дараа намар. Намрын дараа алдарт мичин жил айсуй.

С.БИЛГҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж