АРАВТ: АНУ, БНХАУ, Вьетнамаас ажиглагчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

АРАВТ: АНУ, БНХАУ, Вьетнамаас ажиглагчид оролцоно

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд Төв аймгийн нутаг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох бөгөөд энэ талаар өнөөдөр /2019.08.02/ мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд “Аравт” уралдааны зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон ОХУ-аас хошууч генерал А.В.Позивилов, Казахстанаас хурандаа Д.Е.Халитов, Киргизээс дэд хурандаа А.Д.Оркокев нар оролцлоо.

ОХУ-д 2003 онд анх цэргийн мэргэжлийн чиглэлээр энэхүү уралдаан анх зохион байгуулагдаж эхэлжээ. Улмаар 2015 оноос ОХУ-аас уралдааныг өргөжүүлж, Олон улсын цэргийн наадам болгон зохион байгуулсан байна. Энэхүү уралдаан спортын бус цэргийн албан хаагчдын дунд явагддаг уралдаан гэдгийг онцоллоо.

Энэхүү олон улсын наадмын явцад цэргийн албан хаагчид өөрсдийнхөө мэргэжлээр өрсөлдөж, цэргийн гадаад харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэсний зан заншил, уламжлалаас суралцах гээд маш олон давуу талтайг албанынхан мэдээлэв.

Манай улс 2015 оноос эхлэн энэхүү уралдаанд оролцож эхэлжээ. Өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан танкын биатлон, хээрийн гал тогоо, Беларус улсад болсон мэргэн буудагчын тэмцээнд цэргийн албан хаагчид амжилттай оролцжээ.

2018 оноос эхлэн Олон улсын цэргийн наадмад морин цэргийн төрлийг нэмэн оруулахаар болсон байна. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа морин цэргийн анхдугаар уралдаан болж, маргааш нээлтээ хийхээр боллоо.

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Казахстан, Киргиз, Монгол улсын цэргийн албан хаагчид үндсэн оролцогчоор оролцоно. Мөн БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсууд ажиглагчаар оролцохоор болж, төлөөлөгчид нь манай улсад удахгүй ирэх юм байна.

“Аравт” олон улсын уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэснэ дөрвөн үе шаттайгаар явагдана.

Алсын зайн морин марш нь Төв аймгийн хэдэн сумдыг дамжин болох бөгөөд байгалийн хүндрүүлсэн нөхцөлд тусгайлан төхөөрөмжилсөн цэгүүдэд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэн 130 км зайг туулна.

Уралдааны сугалааны дагуу Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар болох аж. Олон улсын морин цэргийн уралдаан Хустайн нуруу, Молцог элс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар дамжин явагдахаар болжээ. Энэ нь гадны улс орнуудад эх орноо сурталчлах нэгэн том боломж гарч байгааг зохион байгуулагчид хэллээ.

Уралдааны дагуу алсын зайн маршид наймдугаар сарын 4-ны өдөр Казахстан, Киргиз, наймдугаар сарын 5-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км замыг дөрвөн удаагийн даалгавараар гүйцэтгэж барианд орох юм байна.

Монгол Улсаас зохион байгуулалтад зэвсэгт хүчний 400 гаруй албан хаагч оролцохоор болжээ.

Монгол Улсад болж байгаа “Аравт” олон улсын уралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Бид монгол морьтойгоо дасах, сургахын тулд тусгайлан хугацанад бэлтгэлд хамрагдлаа. Биднийг маш сайхнаар халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Цэргийн армийн наадмын бэлтгэл сургуулилтыг сайн хийж, тэмцээнд оролцоход бэлэн болсон. Энэ хугацаанд Монгол орны соёл, газар зүйн онцлогтой танилцж байна. Монголд байх хугацаанд соёл, хүмүүжлийн ажилд оролцсоор байна. Багийн гишүүдийн хооронд нөхөрсөг, найрсаг уур амьсгал бүрдэж байгаад талархаж байна. Цаашид энэхүү тэмцээнд оролцох орны тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ, Казакстан, Киргиз улсын багийн төлөөлөгчид хэллээ.

Энэ удаагийн “Аравт” олон улсын цэргийн наадмыг сурвалжлахаар ОХУ-аас хэвлэл мэдээллийн бүтэн баг хүрэлцэн иржээ. Наадмын нээлтийн ажиллагаа маргааш Төв аймгийн нутаг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Иргэд энэхүү уралдааныг үзэх боломжтой бөгөөд “АРАВТ” фэйсбүүк хуудсаар мэдээллийг хүргэж байгааг зохион байгуулагчид хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж