&#34Ерөнхийлөгчийн эзгүйд эсрэгээр нь арай хийхгүй байлгүй дээ&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

&#34Ерөнхийлөгчийн эзгүйд эсрэгээр нь арай хийхгүй байлгүй дээ&#34

Цаг үеийн зарим асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатараас тодруулга авлаа.

-Баяр наадмыг далимдуулан, төрийн тэргүүнийг гадаадад айлчлалаар явсан үед Засгийн газрын асуудлыг шийдэх нь гэсэн хардлага иргэдийн дунд байна. Энэ тухай саяхан Ерөнхийлөгч нам, бүлгийн дарга нартай уулзахдаа ч сануулсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Нам төвтэй засаглал аль 1990 онд үед халаагаа өгсөн. Иймээс аль нэг намын бүлэг, байгууллага төрийн асуудлыг шийдэхгүй. Баяр наадмын үеэр ард түмнээ талцуулсан шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна. Дээрх уулзалтын үеэр УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар төрийн тэргүүний үгийг хүндэтгэж үзнэ гэж найдаж байна.

Ерөнхийлөгч үндэсний эрх ашиг, эв нэгдлийн төлөө хатуу зогсож байгаа шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор ОХУ-ын Уфа хотыг зорьсон. Төрийн тэргүүнээ гадаадад айлчилсан ар хударгаар элдэв шийдвэр гаргахгүй байх хэмжээний улс төрийн соёл манай улстөрчдөд төлөвшсөн байх гэж найдаж байна.

-Улсын наадам дөхөөд ирэхээр бөхчүүд маань баруун зүүний манлайгаа булаацалдаад эхэлдэг уламжлалтай боллоо. Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр бөхөд аварга цол олгосноос ийм зүйл боллоо гэх шүүмжлэл байна. Энэ асуудлаар тайлбар өгөх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний бөхийн цолны эрэмбийг тогтоодог субъект биш гэдгийг дахин хэлье. Тодруулбал баяр наадмын бөхийн барилдааны баруун зүүний магнайд хэн гарах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдэхгүй, үүнтэй холбоотой ямар ч зарлиг шийдвэр гаргадаггүй. Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх үүргийнхээ дагуу ажилладаг. Энэ асуудлыг Үндэсний бөхийн холбоо мэргэжлийн байгууллагын хувьд нь зохих журмын дагуу шийдвэрлэх ёстой.

-Саяхан шинээр гавъяат бол авсан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарын дуучдад Хөдөлмөрийн баатар цол шагнал олгох тухай яриа гараад байна. Гавъяатыг алгасаад шууд Хөдөлмөрийн баатар цол өгчихөж болдоггүй юм уу гэсэн хүмүүс байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Хоёр дуучин маань саяхан цолоо хүртсэн залуухан гавъяатууд. Төрийн одон медаль олгох журам дүрэм гэж байна. Үүний дагуу аливаа шагнал урамшууллын хооронд тодорхой хугацаа байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн иргэн төрийн одон медал аваад тодорхой хугацаа өнгөрсний дараа дараагийн шагналыг хүртэх эрх нээгддэг. Мөн тухайн цол шагналыг тодорхой заасан амжилт, эрэмбэ дарааллын дагуу авдаг ёстой.

Дашрамд дурдахад саяхан Засгийн газраас дуучин Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр, дуучин Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр тус тус шагнасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд байхдаа урлагийн томоохон наа­дам тэмцээнд оролцсон хү­мүүст урамшуулал хүртээх тухай Засгийн газрын шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр дээрх хоёр дуучныг шагнасан явдал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн ажлын биелэл нь юм.

-Сүүлийн үед төрийн тэргүүнтэй холбоотой шүүмжлэл сошиал ертөнцөд анзаарагдах боллоо. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол ерөнхийдөө богино зайн улс төр хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа. Бодлогоор, зохион байгуулалттайгаар сошиал ертөнцөд коммент бичиж Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаах гэсэн увайгүй үйлдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны Зөвлөхийн хувьд бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Хүний нэр хүндэд халдах, гутаан доромжлох нь эрүүгийн хуулиар хориотой шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3-р бүлэгт түүний бие, нэр төр, ордон өргөө, унаа халдашгүй дархан байна гэж заасан байдаг.

Эцэст нь түмэн олноороо түвшин сайхан наадаарай гэж хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж