-Буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 58,8 оноогоор гоц мэргэн, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55.6 оноогоор түрүүлж, хошой мэргэний болзлыг хангажээ-
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам мягмар гаригт урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Баяр наадмын сурын харваа өчигдөр буриад сурын харваагаар үргэлжлэн явагдлаа.
Энэ жилийн буриад сурын харваанд Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорилоо. Тэдэн дунд ОХУ-ын Буриад улсаас Баясгалан, Болд нарын харваачид ирж оролцсон байна.
Харваачид нийт 64 сум тавьснаас эрэгтэйчүүдээс буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 58,8 оноогоор түрүүлж, гоц мэргэний болзол, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55.6 оноогоор түрүүлж, хошой мэргэний болзлыг хангажээ. Мөн спортын мастер цолыг 3 эрэгтэй, спортын дэд мастер цолыг 8 эрэгтэй, нэг эмэгтэй харваач биелүүлсэн байна.
Дүнг танилцуулья:
Эрэгтэй: (120 харваач)
1-р байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Ашавгад” ХХК-ий харваач, буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 64 онооноос 58,8 оноо авч гоц мэргэний болзол хангалаа.
2-р байр: “Хангарьд” спорт кулбийн тамирчин, Нямсүрэнгийн Өлзийхутаг 58,7 оноо.
3-р байр: Сэлэнггэ аймгийн Ерөөл сумын уугуул, “Алдар”, “Жем интернэшнл” компаний харваач Базарын Батбаатар -58,5 оноо.
4-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Дөргөний Чулуунбаяр – 58,4 оноо.
5-р байр: Өмнөговь аймгийн харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Жанчивын Баттөмөр 57,6 оноо.
Эмэгтэй: (42 харваач)
1-р байр: Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатр дүүрэг, "Хот Монгол" групп, "Алтандуулга" компаний харваач, буриад сурын улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55,6 оноогоор хошой мэргэний болзол хангалаа.
2-р байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат “Шинэ Налайх” багийн харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа, 54,8 оноо
3-р байр: Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Батмөнхийн Сүгир 54,5 оноогоор спортын дэд масрын болзол хангалаа.
4-р байр: Дорнод Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” компаний харваач Батын Бутваа 54,4 оноо.
5-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Жем интерншл” компанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг -53,3 оноогоор тус тус шалгарсан байна.
ТАЙЛБАР:
Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.
Өнөөдөр сурын талбайд хүүхдийн сурын харваа болж байна.
Ч.БОЛОР