Элэгний С вирустай иргэдийг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Элэгний С вирустай иргэдийг бүртгэж байна

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг аравдугаар сарын сүүлчээр Монгол Улсад оруулж ирэхээр болсон. Тэгвэл эхний ээлжинд энэ эмийг хэрэглэх шаардлагатай иргэдийн бүртгэлийн талаар Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх эмч Ж.Амарсанаагаас тодрууллаа.

-Элэгний С вирустай иргэдийг бүртгэлжүүлэх ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Эрүүл мэнд, спортын яаман дээр 100 гаруй эмч нарт сургалт явуулаад гэрчилгээ олгосон. Ингээд 100 гаруй эмч нартаа эмийн компаниудаас дахиж сургалт явуулаад элэгний С вирустай иргэдийг бүртгэх код өгсөн юм. Кодоо авч, гэрчилгээтэй болсон эмч нар элэгний С вирустай иргэдийг бүртгэх эрхтэй болж байна гэсэн үг. Миний хувьд ч гэрчилгээгээ аваад бүртгэлээ эхэлсэн. Бүртгэл эхлээд хоёр сар болж байна.

-Шинжилгээ өгөхөд ямар үнэтэй байх бол?

-Гэрчилгээ авсан эмч нар Эрүүл мэндийн сайдын 196 дугаар тушаалаар вирустай нь батлагдсан хүнийг бүртгэж байна. 196 дугаар тушаалд зааснаар 11 төрлийн шинжилгээг шаардсан байдаг. Вирусынх нь төрөл баталгаажсан, биохимийн шинжилгээ зэрэг 11 төрөл бүрдсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Энэ хүрээнд шинжилгээгээ хийлгээд явахад сая орчим төгрөг болж байна. Шинжилгээг зарим газар хямд, нөгөө хэсэгт нь үнэтэй л хийж байна. Хамгийн хямд үнэтэй нь 400 мянган төгрөгөнд багтаж байгаа юм.

-Иргэдийн хувьд хаана очиж хэрхэн бүртгүүлэх вэ. Сургалтад хамрагдаж гэрчилгээтэй болсон эмч нарыг яаж мэдэх вэ?

-Гэрчилгээтэй болсон 100 гаруй эмчийг аймаг, дүүрэг бүрээс сонгосон. Аймаг, дүүргээс 1-2 эмчийг сургалтад хамруулсан гэсэн үг.

Сургалтад хамрагдаж гэрчилгээтэй болсон 100 гаруй эмчийн бүртгэл, мэдээлэл, харьяаллыг Эрүүл мэнд, спортын яамнаас өнөө маргаашгүй сайтаараа дамжуулаад олон нийтэд мэдээлнэ. Ингээд хаяг, мэдээлэл нь тодорхой болбол иргэд харьяаллынхаа дагуу өөрт ойрхон эмч, эмнэлэгт очих юм.

Түүнээс биш хэн хамаагүй эмч, эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэлээ гэхэд С вирусын төрлийг хэлж, тоолж чадахгүй. Тиймээс сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн, өөрт ойрхон байрлах эмчийг сонгох шаардлагатай.

Элэгний С вирусын шинжилгээ хийж, бүртгэх эмч нарын хаягийг Эрүүл мэнд, спортын яамнаас сайтдаа байрлуулах юм. Энэ мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Б.ЗОЛЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж