Үндэсний их баяр наадам хаяанд ирээд байна. Наадмын үеэрхөдөө орон нутгаас мал ачсан машины цуваа Улаанбаатарыг зорих нь элбэгшдэг. Хот дотор амьд мал борлуулахыг хориглосон шийдвэр гарсан учир Эмээлт зах, Баянзүрхийн товчоо орчимд малын захыг төвлөрүүлсэн.
Уг малын захыг зорьж, хонь, ямаа ямар ханштай байгааг сонирхлоо. Энэ жил бороо хур багатай, гандуухан байгаагаас малын тарга, тэвээрэг тааруухан байна. Иймээс наадмын хонь, ямааны үнэ ханш ч өмнө оныхоос буурсан тухай малчид ярьлаа. Эмээлт захад борлуулагдаж буй малын үнэ тарга тэвээргээсээ хамаараад 50-180 мянган төгрөгийн ханштай байна.
Өнгөрсөн онд нийслэлийн баруун, зүүн зах буюу Баянзүрх, 22 товчоодод зарагдаж байсан төлгөн хонины үнэ 100 мянган төгрөгөөс эхэлсэн бол энэ удаад 50 мянгаас 80 мянган төгрөг болтлоо буурчээ. Харин нас бие гүйцсэн эр хонины үнэ 20-50 мянган төгрөгөөр буурч,150-180 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Ямааны хувьд 50-110 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад малын үнэ буурсан. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, наадмын хонь, ямааны борлуулалт тааруухан болсныг малчид учирлаж байв.
Наадам эхлэхэд ганцхан хоног үлдээд байхад өдөрт хоёроос таван хонь л борлуулж байна.
Өнгөрсөн оны өдийд өдөрт 10-20 хонь зардаг байсан. 10 хонь зарах гэж 4, 5 хонож байна гэж малын наймаа хийхээр хотыг зорин ирсэн малчид ярьсан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ