Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт, хариулт явагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Болорчулуун: Төрийн албанд хүмүүсийг шударгаар авч чаддаг уу. Төрийн албан хаагч хүнийг сонгон шалгаруулалт шударга болж чаддаг уу. Төрийн албанд орох сонирхолтой хүмүүсийг шударгаар авах асуудлыг яаж зохицуулсан бэ?

УИХ-ын гишүүн Л.Цог: Сүүлийн үед хамгийн их хэлмэгдсэн салбар бол төрийн алба. Улс төрийн хоёр том нам хэн гарахаасаа шалтгаалаад төрийн албыг самарч байна. Ер нь зарим хүн гурван давхар дээлтэй явж байгаа. Тухайлбал, С.Баярцогт байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Төрийн албан хаагчийн хориглох зүйлийг нэмж тусгасан.

УИХ-ын гишүүн Су.Батболд: Төрийн албан хаагчдын нийгмийн халамжтай холбоотой асуудлыг тусдаа хуулиар зохицуулъя гэсэн концепц явж байсан юм. Энэ хуулиар одоо ажиллаж байгаа хүмүүсийг хөдөлгөөнгүй байна гэх юм бол нам эвслээс дэмжлэг авах хэцүү. Төрийн албанд дахин шинээр сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй. Тэгж байж цоо шинэ төрийн албыг бий болгож чадна. Энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Намрын чуулганаар батлах болов уу

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би энэ хуулийг дэмжихгүй. Төрийн албыг шинэчлэх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуучнаас нь дээрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, улс төрийн албан тушаалтан дээр бүх засаг дарга нар гээд биччихсэн байна. Гэтэл багийн засаг дарга нар ямар ч эрх мэдэлгүй байдаг. Ер нь улс төрийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ. Төрийн албыг сайжруулсан концепц оруулж ирэх ёстой. Өнөөдөр Төрийн албаны зөвлөл шударгаар сонгон шалгаруулалт явуулдаггүй. Нам, сайд, дарга нарын захиалсан хүнийг төрийн албанд авч байна. Үүнийг сайжруулах ёстой.

УИХ-ын гишүүн А.Бакей: Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхийг дэмжиж байгаа. Харин ч энэ асуудлыг хожуу хэлэлцэж байна. Төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой гэж улстөрчид ярьдаг. Үнэндээ төрийн албыг завхруулж байгаа хүмүүс бол улстөрчид өөрөө. Төрийн албаны хуулийг зөрчиж байгаа сайд дарга нарыг өөртэй нь ярих асуудал хуулийн төсөлд орсон байна. Бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэшсэн төрийн албна хаагчийг халах нь жирийн үзэгдэл болсон. Тиймээс хуулийн зүгээс далим болгохгүй байхад анхаарах ёстой. УИХ-ын эрхэм гишүүдэд яг энэ хуулийг хэлэлцэхэд бодитой хандъя гэж хэлье. Намрын чуулганаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуультай хамтатгаад сайн хууль баталъя гэж уриалж байна. Улс төрийн зориг гаргаж байж энэ хуулийг баталъя гэсэн санал гаргая гэв.

Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулснаар олонхийг саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт буцаалаа.

Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: 200 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын сангаар дамжуулан гаргаж байгаа гэлээ. Энэ тэгээд Нийгмийн даатгалын санд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх баталгаа байна уу. Түр шилжүүлсэн суулгах байрны асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. 40,50 мянгатын байрыг шийдэх шаардлага тулгарсан байгаа. Үүнийг шийдэх боломж байгаа юу.

БХБ-ын сайд Д.Цогтбаатар: Өнөөдөр оруулж ирсэн схемд ямар ч эрсдэл байхгүй. 200 тэрбум төгрөгт Хөгжлийн банкнаас баталгаа гаргах болсон. Гэхдээ цаашдаа энэ хууль гармагц зөв механизм руу оруулах боломж нээгдэж байгаа юм. Түр оршин суугчдад зориулж, түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогоор бодитойгоор хэрэгжээд явж байгаа. Нийгмийн даатгалыг орон сууцжуулах хөтөлбөртэй холбож байгаа шалтгаан нь хямд төсөр орон сууц барих, хямд төсөр санхүүгийн эх үүсвэр болж чадна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн А. Телейхан: Энэ хууль чухал хууль. Нэг талдаа хямралаас гарахад маш чухал нөлөө үзүүлнэ.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж