Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.07.09/ “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өргөн барилаа.
Хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэх, ийм бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжоор бий болгох үүргийг гишүүн орнууд нь хүлээх юм байна.
Мөн энэ гэрээгээр эрх бүхий байгууллагыг тодорхойлж, гүйцэтгэх үүргийг тодорхойлсон бөгөөд ингэснээр хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан гэх нэрийдлээр хууль бусаар ашиг олох боломжийг хязгаарлдаг аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.