Дарханы замын эвдрэл ногооны үнийг өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Дарханы замын эвдрэл ногооны үнийг өсгөжээ

Дарханы замын эвдрэл ногооны үнийг өсгөжээ

Жил бүрийн наадмын дараа шинэ ургацын ногоо худалдаанд гарч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангаж эхэлдэг. Энэ жил хүнсний ногооны үнэ ханш ямар байна вэ гэдгийг сурвалжлахаар өчигдөр/2019.08.01 /”Барс” захыг зорьсон юм.

“Барс” захын ногоо, жимсний тасагт шинэхэн ногоо өнгө алаглан эгнэж байв. Үнийг нь лавлах шаардлага алга, бүгд бичээстэй. Эхнээс нь Монгол ногооны үнэ дэвтэртээ тэмдэглэж явсаар нэг мэдэхэд лангууны төгсгөлд хүрээд ирлээ. Хятад ногооны үнэтэй давхар харьцуулж бичих санаатай байсан юм. Гэтэл энд Хятад ногоо алга. Худалдагчаас тодруулахад “Сонгино, сармисыг эс тооцвол Хятад ногоо байхгүй. Ихэвчлэн Төв аймгийн Жаргалан, нийслэлийн Багануур, Сэлэнгийн Зүүнхараагаас ирсэн шинэ ургацын ногоонууд худалдаалж байгаа” гэв.

Хажуухан талд ногоо жинлүүлж байсан нэгэн худалдан авагч “Лууван, манжин жижиг мөртлөө их амттай байна лээ, Монгол хөрсөнд ургасан шинэ ногоо цаанаа өөр шүү. Харин жаахан үнэтэй байна” гэсэн юм.

Шинэ ургацын Монгол ногооны үнэ ханш:

/Өргөн хэрэглэдэг ногоо/

Нарийн ногооны үнэ ханш:

Нэг кг нь хулуу 5000, хаш 4500, ногоон навч 5000, брокли 5000 төгрөгийн үнэтэй байна.

Өнгөрсөн жилийг бодвол энэ жил шинэ ургацын ногоо харьцангуй үнэтэй байгаа аж. Учир нь Дарханы зам эвдэрч, засварт орохоор болсон, мөн түр зам гаргасан ч эвдрэл гэмтэл ихтэй. Өнгөрсөн хоногуудад бороо үргэлжлэн орсноос тус замаар тээвэрлэлт хийхэд бэрх болсон аж. Хэрэв наймдугаар сард бороо үргэлжлэн орсоор байвал хүнсний ногооны үнэ цаашид ч буурахгүй гэнэ. Учир нь цаг агаар муудахад зам хүндэрдэг, түүнээс болж шинэ ногооны нийлүүлэлт буурдаг байна. Өнгөрсөн өдрүүдийн үргэлжилсэн борооноор Дарханы замд ногоо ачсан 4-5-н машин шаварт суужээ. Үүний улмаас шинэ ногооны нийлүүлэлт тасрахад хүрч, үнэ нэмэгдэх гол шалтгаан болсон байна. Өөрөөр хэлбэл, Дарханы зам нь газар тариалангийн гол бүс нутагт ордог тул тээвэрлэлт хийхэд бэрхшээл учруулах болжээ.

Худалдагчийн ярьснаар наймдугаар сар тэр чигтээ бороотой тул одоо байгаа үнэ нэг их буурахгүй. Үнэ буулаа гэхэд 100-200 төгрөгөөр л буурах магадлалтай аж.

Өнгөрсөн жил төмс 1 кг нь 350 төгрөг болтлоо бууж байжээ. Энэ жил бороо хур элбэгтэй байгаа учир хямд байх боломжгүй. Дээр нь  ирж байгаа шинэ ногоонууд гологдол ихтэй байгаа юм байна. Лууван гэхэд чийг нь дэндэж, нялцайжээ. Тиймээс энэ жилийн ногоо үнэтэйгээс гадна чанар сул байх магадлалтай ажээ.

“Барс” захын ихэнх лангууг “Дэвшил ХХК”-ний ногоонууд эзэлжээ. Үлдсэн хэсэг зайнд хувиараа борлуулалт хийдэг худалдагч нар зогсох аж. Тэдний ярьж буйгаар түрээсийн төлбөр үнэтэй гэнэ. 1,2 метр хэмжээтэй талбайг сард 800 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Харин “Хархорин” зах дээр 2 метр талбайн түрээс 250 мянга. Хэд дахин нугалсан өндөр төлбөр нь хэдхэн төгрөгийн ашиг хардаг худалдаачдад хүнд тусдаг байна.

Ийм өндөр түрээс авдаг мөртлөө “Барс зах” хуучин янзандаа. Бохир заваан, бөгчим аж. Өрж тавьсан жимсний дээгүүр ялаа эргэлдэж, суух нь сэжиг хүрмээр. Ил задгай жимсний хайрцганд хогоо хаячихна. Ойр хавьд хогны сав ч алга. Шалаа угаадаг юм уу гэж бодмоор хог, шороонд дарагджээ. Дээр нь муухай үнэр ханхийнэ.

“Барс” зах дээр зарагдаж буй шинэ ургацын ногоо дэлгүүрт ямар үнээр зарагдаж байгааг харьцуулж үзэхээр шийдсэн юм. Их дэлгүүрийн “Номин супермаркет” орлоо. Гялгар уутанд хийж савласан олон төрлийн ногоо өржээ. Эмх цэгцтэй, цэвэрхэн харагдана. Гэвч энд шинэ ногоо олж харсангүй. Бүгд өнгөрсөн жилийн ургац аж. Худалдагчаас энэ тухай тодруулахад “Манайд шинэ ургацын ногоо ирээгүй байгаа. Бороо их орсон, тээвэрлэхэд хэцүү байгаа сураг сонсогдсон. Гэхдээ ирэх долоо хоногоос шинэ ногоо ирнэ” гэсэн юм.

“Номин”-д зарагдаж буй өнгөрсөн жилийн ногооны үнэ ханш

  • Монгол төмс 2 кг: 2879-3129 төгрөг
  • Лууван 0,5 кг: 1689 төгрөг
  • Байцаа тал нь: 1818 төгрөг
  • Сонгино 0,5 кг: 1689 төгрөг
  • Чинжүү 1 кг: 5499 төгрөг
  • Помидор 0,5 кг: 4069 төгрөг
  • Өргөст хэмх 1 кг: 5599 төгрөгөөр тус тус борлуулагдаж байв.

“Үндэсний статистикийн хороо”-ны мэдээгээр энэ жил 11,5 мянган га-д төмс тариалсан байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1,3 мянган га-аар нэмэгджээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан урьдчилан тооцоолоход Булган, Ховд аймгийн тариалан бүхий нутгаар 100-115 мянга, Сэлэнгийн Баруунхараа, Дархан- Уул, Төв аймгийн тариалангийн нутгаар 66.8-98 мянган центнер ургац авах төлөвтэй байгаа юм.  Гэвч хураан авсан ногоогоо Дархан, Сэлэнгийнхэн нийслэлд хүргэхэд тээврийн асуудал хүндрэл дагуулж, үнэ ханшийг өсгөх нэг шалтгаан болоод байна.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж