Бөхийн барилдаанд 85 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдаанд 85 сая төгрөг зарцуулна

-Барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэж байна-

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Өнөөдрөөс Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн бүртгэл эхэлжээ. Энэхүү бүртгэл маргааш 10.00-18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг МҮБХ-оос анхааруулж байна.

Фото 2014, Ц.Ариунболд

Энэ жилийн наадмын зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ.

 

НААДМЫН ТӨСӨВ: 2 тэрбум 747 сая төгрөг

  • Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
  • Хурдан морины уралдаанд 227 сая 360 мянган төгрөг
  • Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
  • Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
  • Урлаг, соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг
  • Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
  • Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
  • Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
  • Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
  • Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
  • Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

 


ТҮРҮҮ БӨХ 15 САЯ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ 10 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ШАГНАЛ АВНА

Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 85 сая 726 мянган төгрөг зарцуулах болсон. Төлөвлөсөн мөнгөний ихэнхийг бөхийн бай шагналд зарцуулдаг. Нэг давсан бөхчүүд 50 мянган төгрөг авах бол дөрөв давбал 300 мянган төгрөгийн шагнал хүртэнэ. Харин долоо давсан 2 бөх 7 сая төгрөг, найм давж үзүүрлэсэн 1 бөх 10 сая төгрөг авах аж. Харин ес давж түрүүлсэн 1 бөх 15 сая төгрөгийг шагналд авна.

Нэг давсан 128 бөх тус бүрт 50 мянган төгрөг

Хоёр давсан 64 бөх тус бүрт 100 мянган төгрөг

Гурав давсан 32 бөх тус бүрт 200 мянган төгрөг

Дөрөв давсан 16 бөх тус бүрт 300 мянган төгрөг

Тав давсан 8 бөх тус бүрт 500 мянган төгрөг

Зургаа давсан 4 бөх тус бүрт 1 сая төгрөг

Долоо давсан 2 бөх тус бүрт 7 сая төгрөг

Найм давж үзүүрлэсэн 1 бөх 10 сая төгрөг

Ес давж түрүүлсэн 1 бөх 15 сая төгрөгийн мөнгөн шагнал авна.

Улсын наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдийн шагналыг маргааш нь буюу долдугаар сарын 13-нд Хүй долоо худагт болдог Уяачдын баяр дээр гардуулдаг уламжлалтай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж