Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв.

Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь “төрийн сонгууль биш төрлийн сонгууль” болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм. Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа.

Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ.

Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна” гэлээ.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМАНД СҮҮЛИЙН 30 ЖИЛД ХИЙГДЭЭГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст суманд зохион байгуулагдсан “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцсон юм. 90 жилийн түүхтэй тус суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 2,4 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургуулийн байр, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга, сумын Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэв. Харин 150 хүүхдийн дотуур байрны төсөвт гаднах дэд бүтэц буюу цэвэр, бохирын шугамын зардал тусгагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байгааг “Жамъян Пайтан” ХХК-ийн инженер О.Гантулга хэлэв. Шинэ сум болон өргөжихөд эдгээр бүтээн байгуулалтууд цагаа олсон чухал дэмжлэг болсныг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байсан юм.

УИХ-ын даргыг дагалдан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна. Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийлээ.

Монгол Улсын хэмжээнд шинэ сумын жишиг тогтоож эхэлсэн төдийгүй бусад аймаг, сумдаас туршлага судлахаар олноор очдог болжээ. Зам, барилга гэж том зүйлд санаа зовнихоос илүүтэй иргэд, малчид өөрсдийн хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, зорилгоо тодорхойлж чадвал шинэчлэл хийхэд хялбар болдог. Хийх нэг хэрэг, хийснээ арчилж, хамгаална гэдэг өөр асуудал. Иргэд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байх хэрэгтэй гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулгынхаа үеэр онцлов.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэлээ. Тухайлбал, хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Баянхонгор аймгийн сум бүрт ноос хяргагч машин, явуулын цахилгаан саалтуур, арьсны шар махыг хуулдаг машин, арьс элдэгч машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэ ондоо багтаан аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн ханшийг нь өсгөх бүрэн боломжтой болно гэдгийг тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээний үеэр хүүхэд, залууст үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, үндэсний сурын харвааны тэмцээнийг зохион байгууллаа.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан ажиллаж буй нарийн мэргэжлийн эмч нарын баг Жинст сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй баг үргэлжлүүлэн  Баянхонгор аймгийн Богд суманд ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж