Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2015.07.09/ Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив.

Төрийн үйлчилгээг барилгын салбарт шуурхай болгох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг уг хуулийн төсөлд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгчээ. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусган гүйцэтгэхээр тусгасан байна. Мөн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцааг зохицуулах зорилгоор Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Уг хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваажээ. Үүнийгээ барилгын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд  зөвшөөрөл олгох асуудалтай холбосон байна. Төсөлд тусгаснаар нэгдүгээр ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхээр тусгалаа. Хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг  тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр төсөлд тусгалаа. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулалт хийх юм байна. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг 53 зүйлтэй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж