Бүгд найрамдах Кипр улсын Лимассол хотноо цахилгаан барааны жижиг дэлгүүр ажиллуулдаг 88 настай тэтгэврийн хөгшин өрийн хямралд нэрвэгдээд буй Грект дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхий сайд А.Ципраст өөрийн нэг сарын тэтгэвэр буюу 506 еврог хандивлажээ.
Кипр гаралтай ч өөрийгөө грек хүн гэж тодорхойлдог хөгшин хандивын мөнгөний хамтаар Ерөнхий сайд А.Ципраст хаягласан захиагаа мөн илгээсэн байна.
Тэрбээр илгээсэн хандивын мөнгөө “Грекчүүдийн нэр хүндийг хамгаалахын тулд хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж буй А.Ципраст талархсан сэтгэлийн илэрхийлэл” хэмээн утга учрыг нь тайлбарлажээ. Энэ мэтээр Грект туслах эрмэлзэлтэй сайхан сэтгэлт хүмүүс санал санаачилга гаргаж байна.
Харин Европын холбоо зэрэг зээлдүүлэгчдийн санхүүгийн дэмжлэгийн болзол болгон тавьж буй хэмнэлтийн бодлогод Грекчүүд үгүй гэж хариултыг өгсний дараа Евро бүсийн Сангийн сайд нар Брюссель хотноо шуурхай хуралдааныг хийлээ.
Энэ үеэр сайд нар Грекийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн бөгөөд Грекийн эрх баригчид шинэ саналаа танилцуулах байсан юм. Гэвч амжаагүй байна. Үүний улмаас Евро бүсийн сангийн сайд нар утсаар хэлэлцээ хийхээр болжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл шинэ саналаа танилцуулахыг хүлээх гэнэ.
Т.АНУ