Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал оффшортой холбоотой юу

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал оффшортой холбоотой юу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д хийх айлчлал үргэлжилж байна. Төрийн тэргүүний айлчлалын талаар гадны хэвлэлүүдэд онцолсоор буй юм.

“40-50 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО”

АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS) Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус төвд зочилсон талаар дэлхий нийтэд мэдээлэв. Энэхүү төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.

Мөн энэхүү төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна.

АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцжээ.

CSIS-ийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр Монголын эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж, Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсныг тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Монголд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм.

Энд тодруулан тайлбарлахад, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм.

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна” гэжээ.

ТРАМП: МОНГОЛЫГ ГАЙХАЛТАЙ ТЭМЦЭГЧ ИРГЭДТЭЙ УЛС ХЭМЭЭН БОДДОГ

CNN агентлаг, Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд угтсаныг онцлов. “Зууван танхим” буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөнд хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт 40 орчим минут үргэлжилж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.

АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон  Конгрессийн зарим гишүүн оролцсон байна.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд, ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана" гэжээ.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлснийг CNN онцлон тэмдэглэжээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар болов.

“The New York Post”-д уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож буй явдалд онцгойлон талархал илэрхийлснийг мэдээлжээ.

-МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАРИЛЦАА СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРСНИЙГ ЗАРЛАВ-

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс тунхаглал батлав. Тунхаглалыг бүрэн эхээр нь АНУ-ын төрийн цахим хуудаст байршуулжээ.

Тус тунхаглалд, Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

-Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

-Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.

-Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

-Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.

-Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.

-Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.

-Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

-Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэжээ.

“БЭЛГИЙН МОРЬ БНХАУ, ОХУ-Д АНХААРУУЛГЫН ДОХИО ИЛГЭЭЛЭЭ”

"Wall street Journal"-д Монгол, Орос, Хятад гурван улсын удирдагчдын зургадугаар сард Кыргызэд авахуулсан зургийг байршуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга найрсаг харилцааны бэлгэдэл болгон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Барронд морь бэлэглэснийг онцлов.

Харин “Washington Еxaminer”-т “Арван гурван настай хүүд бэлэглэсэн морь БНХАУ болон ОХУ-д анхааруулгын дохио илгээлээ” гэж бичжээ. Дональд Трамп морины зургийг хараад “сайхан морь байна” гэж хэлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Стефани Гришем “Үндэсний уламжлалт, хүндэтгэлийн бэлэг хүлээн авсандаа Ерөнхийлөгчийн гэр бүл Монгол Улсад маш их талархаж байгаа. Морийг “Ялалт” хэмээн нэрлэсэн” гэж хэлэв.

Мөн АНУ-ын хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын ард найзууд байдаг шүү гэсэн илэрхий анхааруулгыг БНХАУ болон ОХУ-д өгснийг онцлон тэмдэглэжээ.

Америкийн “The Heritage Foundation” судалгааны төвийн олон улсын эдийн засгийн шинжээч Энтони Ким “Морь бэлэглэнэ гэдэг нь хоёр улсын харилцааны ач холбогдлыг илтгэж буй уламжлалт бөгөөд бэлгэдлийн хэлбэр юм. Энэ дохио Бээжин рүү явсан” гэж хэлсэн байна. Тэрбээр “Морь бэлэглэнэ гэдэг онцгой найз болон зочиндоо хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл боловч энэ удаагийн бэлэг нь миний хувьд АНУ-Монголын урт хугацааны харилцаа холбоог бэхжүүлэх гагнаас мэт харагдаж байна” гэжээ.

Энтони Ким “БНХАУ Монгол Улсыг өөртөө аажмаар шингээхийг оролдож магадгүйд Ерөнхийлөгч Х.Баттулга санаа зовж байгаа бөгөөд энэ асуудалд тэд цаг ямагт санаа зовдог. БНХАУ болон ОХУ-ын дунд орших Монгол Улстай найрсаг харилцаатай байх нь АНУ-ын дүр төрх, оролцоог бэхжүүлнэ. Энэ бол бидний илгээж болох нэг төрлийн дохио. Мөн энэ нь тоглоомын төгсгөл биш бөгөөд олон зүйлийн эхлэл юм” гэжээ.

-ОФФШОР ДАНСТАЙ ХҮМҮҮСТ ХЭЗЭЭ ЗОХИХ ЁСНЫ ШИЙТГЭЛ ӨГЧ, МОНГОЛДОО ВАЛЮТАА БУЦААЖ ОРУУЛАХ ВЭ-

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн пүрэв гариг (2019.08.01)-т Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцав.

Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаа ажээ. Тодруулбал, Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, Баруун бүсийн Лос Анжелест 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн амьдарч буй юм байна.

Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдний төлөөлөл болсон 180 орчим иргэн уулзалтад оролцож, Төрийн тэргүүнээс сонирхсон асуултдаа хариулт авав.

Энэ үеэр Америкт буй монголчууд Ерөнхийлөгч Х.Баттулгаас оффшор данстай хүмүүст хэзээ зохих ёсны шийтгэл өгч, Монголдоо валютаа буцааж оруулах вэ гэсэн асуултад хариулахыг хүсжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлоод, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байна” гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалын бас нэг зорилго нь оффшор данстай холбоотой асуудалд чиглэгдсэнийг албан бус эх сурвалж мэдээлж буй юм.

Эх сурвалж: CNN, Wall street journal, Washington Еxaminer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж