"Нийгэмшээгүй нохой хүн рүү дайрч, урдаг"

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

"Нийгэмшээгүй нохой хүн рүү дайрч, урдаг"

"Нийгэмшээгүй нохой хүн рүү дайрч, урдаг"

Монголын анхны нохойн бэлтгэл сургалтын клубыг үүсгэн байгуулагч Б.Ганзоригтой ярилцлаа.


-Нохой сургагчдын анхны клуб гэхээр өмнө нь манай улсад ийм үйл ажиллагаа явуулдаг газар байгаагүй гэсэн үг үү?

– Манай клуб үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 100  орчим нохойг сургаад байна. Монголд цагдаа хүчний байгууллагаас гадна хувиараа нохой сургадаг залуус олон байдаг. Гэхдээ манай төв нь нохой сургагчдын анхны цогцолбор клуб гэдгээрээ онцлог.  Бид нохойг хүмүүст эерэгээр ойлгуулах, хүний найз гэдэг талаас нь харуулах зорилготойгоор л анх байгуулсан. Учир нь ихэнх хүн гудамжинд нохой хөтөлж яваа хүнээс айж, цэрвэдэг. Энэ нь нохойг араатан гэж хардагтай холбоотой. Хүмүүсийн нохойноос цэрвэж айх буруу ойлголтыг өөрчлөх нь чухал. Нохой ч бас нийгэмшиж, хүнтэй адил амьдрах эрхтэй.

-Нохойг нийгэмшүүлнэ гэдэг нь сургана гэсэн үг үү. Нийгэмшсэн болон нийгэмшээгүй нохойны ялгаа хэр вэ. Энэ бүхэн эзнээс нь шалтгаалах уу?

-Нохой ямар зан ааштай байх нь эзнээс л шалтгаална. Эзэн нь түргэн ууртай хүн бол бас адилхан байдаг. Тайван дөлгөөн зантай хүний нохой ч бас тайван байдаг. Олон нийтийн гудамж талбайд нохойгоо салхилуулж явахад хүмүүс их цэрвэдэг, нохой нь хазах вий дээ гэсэн айдас байдаг. Яах вэ аюулгүй байдлын үүднээс нохойгоо хошуувчтай салхилуулах нь зөв ч анхны сургалт хүмүүжлийг авсан нохой хүн рүү дайрдаггүй, хүмүүс ч айх шаардлагагүй. Харин нохойгоо гэртээ тэжээвэр болгосон, олон хүн харж байгаагүй, өөр нохойтой харьцаж үзээгүй нэг үгээр нийгэмшээгүй бол олон нийтийн гудамж талбай, гэр хороолол, орон сууцны орчимд анх удаа гарч үзэхдээ хүн рүү дайрах, хазах үйлдэл гаргадаг. Үүнээс л болж хүмүүс нохойноос цэрвэдэг. Ерөнхий команд, сургуулилалт авсан нохой нь олон нийтийн гудамж талбайд салхилахдаа эзнээсээ холддоггүй бас хүн рүү дайрдаггүй.

-Танай клуб нохойнд хэдэн төрлийн команд заадаг вэ. Үүнд хэр их хугацаа зарцуулдаг бол?

-Бид анхан шатны буюу нэг сарын сургалтаар нэг нохойнд долоон төрлийн команд сургадаг. Эзэн нь хүсвэл спорт сургалт ордог. Саад давааг давах буюу харайх, өндөрт авирч гарах, нэг хэмнэлээр гүйх гэх мэт. Учир нь ихэнх нохой энгийн өндөрлөг зүйл дээр гарч чаддаггүй. Энэ бүхэнд л сургадаг. Сүүлийн үед хүмүүс нохойгоо спортоор илүү сургах сонирхолтой болсон. Манай клуб бол эрэлч нохойн албаны жижгэрүүлсэн хувилбар нь юм уу даа. Нохойг сургах бүхий л техник хэрэгсэл бий. Багш нар нь албаны нохойн сургалтын чиглэлээр төгссөн, мэргэжлийн хүмүүс. Ерөнхийдөө нэг нохойг сараас жил хүртэл сургадаг. Ерөнхий команд сургахад нэг сар шаардлагатай. Албаны нохойг сургахад жил хүртэл хугацаа зарцуулдаг.

-Хувь хүний нохой болон албаны нохой сургах хоёр хоорондоо их ялгаатай  байх?

– Нохой бол эрч хүчтэй амьтан. Хувь хүний нохой эрч хүч, энергиэ шатааж чаддаггүй. Манай төвд хандсанаар тэр эрч хүчээ шатаах, булчин шөрмөс нь хөгжих ёстой хэмжээндээ хүрнэ. Тухайн нохойны үүлдрээс хамаарч команд хүлээн авах арга барил нь өөр өөр байдаг. Жишээ нь, Монгол банхар өглөө, оройд илүү команд хүлээн авч, өдрийн цагаар унтдаг бол немц овчарк, ротвелир  тухайн дасгал сургуулилтаддаа донтдог, үргэлж соргог, ямар ч үед бэлэн байдаг.

Албаны нохой илүү хариуцлагатай тул илүү спорт чиглэлээр хөгжүүлж бэлтгэдэг. Албаны нохойг эрж хайх, аврах, бартаа саадыг давах тал дээр илүү сургадаг. Хувь хүний нохойг эхний ээлжинд бос, суу, над дээр, хэвт зэрэг ерөнхий командуудыг сургаж, хэвшүүлдэг.

-Нохой сургахад ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ. Ялангуяа нас биед гүйцсэн нохойтой ажиллахад хэцүү байдаг уу?

Бид нохойг 4-5 сартайгаас нь эхлэн сургадаг. Хүлээн авах чадвар нь илүү байдаг. Ер нь нохой 16 хүртэл насалдаг учраас нас биед хүрсэнийхээ дараа аливаа команд хүлээн авах нь удаан, маш их цаг хугацаа зарцуулдаг. Манай клубт хамгийн хөгшин буюу найман настай нохой ирж байлаа. Түүнийг сургахад их амаргүй байсан. Учир нь тэр нохой аль хэдийнэ өөрийн гэсэн зан ааш, хэв маяг, тодорхой дадалтай болсон байдаг л даа. Нохой сургахад тухайн хүнээс   маш их тэвчээр шаарддаг. Манай клубт янз бүрийн л зан ааштай нохой ирдэг. Эелдэг зөөлнөөс хүн рүү асдаг нохой хүртэл ирдэг л дээ. Зарим тохиолдолд нохойг сургах гэж байгаад гар, хөлөө уруулсан тохиолдол ч бий. Энэ бүхэнд аюулгүй байдлаа хангах, тухайн нохойны онцлог, зан аашыг нь маш сайн таньж мэддэг байх нь чухал. Бид нохойг сургахдаа байрлуулдаг тул тэднийг хооллож, салхилуулах явцад хоорондоо дасдаг гэсэн үг. Хүмүүжилтэй, ерөнхий команд сурсан нохой гэрт нь зочин орж ирэхэд эзнийхээ үгээр нэг байрандаа хэвтэх, хүн рүү цовхчиж үсрэх, ширээ лүү авирах зэрэг үйлдэл гаргадаггүй. Тиймээс нохой сургах ач холбогдлын нэг нь энэ юм.

-Мэргэжлийн байгууллагуудаас албаны нохой авах хүсэлт хэр их ирдэг вэ. Монголд нохой сургах чиглэл хөгжиж байна уу. Эсвэл дутагдалтай байна уу?

– Албаны нохойн хувьд Увс аймаг руу немц овчарк бэлтгэн явуулж байсан. Цагдаа, Онцгой байдал, гааль, мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагууд албаны нохойг их нарийн шалгуур үзүүлэлтээр шигшиж авсан. Үүнд манай клубээс тодорхой хэмжээний туслалцаа үзүүлсэн.  Монголд өнөөдрийн байдлаар эрэлч нохойн алба гэсэн сургалтаас өөр нарийн мэргэшсэн салбар байхгүй. Жишээ нь, онцгой байдалд зориулагдсан, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан чиглэлээр нохой бэлтэх сургалт байхгүй. Бид цаашид энэ чиглэлээр илүү чиглэж ажиллах төлөвлөгөөтэй байна. Албаны нохойн сургалтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ОБЕГ, ЦЕГ-ын томоохон хуралд манай клуб оролцсон. Хурлаар нохойг зөвхөн албанд бус бүх чиглэлээр ашиглах, сургах тал дээр анхаарах тухай саналыг мэргэжлийн байгуулллагынхан дэвшүүлсэн. Тэгэхээр цаашид мэргэшүүлсэн сургалт явуулах байх.

-Албаны нохойг ямар шалгуур үзүүлэлтээр харж, авдаг юм бэ?

-Өмнө нь удмын бичиг баримтгүй албаны нохой байх тохиолдол байсан. Энэ жилээс цагдаа хүчний болон мэргэжлийн байгууллагууд немц овчаркийг илүүтэй албаны нохойнд авсан. Тэр тусмаа удмын бичигтэй немц овчаркийг сонгож байна билээ. Ер нь албаны нохойн зориулалтаар бэлтгэхэд зургаан гөлөг байлаа гэхэд тэдний хэд нь илүү юм  сурах вэ гэдгийг нь ажиглаж, шалгаад илүү соргог, команд хүлээн авч байгаа 2-3 гөлгийг шилж авдаг л даа. Ер  нь тулааны болон немц овчарк ажлын нохой гэж явдаг.

-Хүмүүсийн  street mix гэж ярьдаг  гудамжны нохой команд хэр хүлээн авдаг вэ?

-Үүлдрийн нохойноос илүү гудамжны хольцтой нохой аливаа үг, үйлдэл командыг илүү хүлээн авах чадвар нь хөгжсөн, команд хурдан сурдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж