Ардын бүжигчин Б.Эрдэнэбаяр

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Ардын бүжигчин Б.Эрдэнэбаяр

NEWS” агентлагзалуустаа зориулсанШинэ нэрбулангийнхааээлжитзочноо танилцуулъя. Энэ удаа Монгол Улсынхаа нэрийг олон улсад сурталчилж яваа залуу уран бүтээлч, ардын бүжигчин Б.Эрдэнэбаярыг онцолж байна. 

Тэрбээр долдугаар сарын сүүлчээр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаан”-ы ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилтыг гаргаад буй. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр театртаа дөрвөн жил ажиллаж байгаад 2018 онд “UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд суралцах эрхээр шагнуулан суралцаж байгаа юм.


БАТЧУЛУУН ЭРДЭНЭБАЯР: 1996.05.06 

Төгссөн сургууль: 

Нийслэлийн 92 дугаар дунд сургууль / 2002-2005 он/

Нийслэлийн 87 дугаар дунд сургууль / 2006-2008 он/

Хөгжим бүжгийн коллeж  / 2009-2014 он/ 

БНСУ-ын “Korea University of media Arts” урлагийн их сургуульд суралцаж буй

Мэргэжил: 
Ардын бүжигчин

Одоо эрхэлж буй ажил: 
Монгол Улсын Үндэсний урлагийн их тeатрын бүжигчин

Сошиал хуудас:  
Б.Эрдэнэбаяр  /facebooк/

Erkaeegii182 /Instagram/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?  

-Миний хүүхэд нас бусдын адил өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө очиж, өвөө, эмээдээ туслана. Бас хурдан морь унадаг унаач хүү байлаа. Хүүхэд байхын бүжиглэх их дуртай байсан. Сургуульд орсон хойноо ч урлагийн үзлэг алгасахгүй бүжиглэнэ.

Нэг өдөр аав маань ажлаа тарж, гэртээ ирээд “Хөгжим бүжгийн коллежид элсэлт авч байна гэнэ. Миний хүү маргааш эрт ээжтэйгээ хамт очоод шалгуулаад ир” гэсэн. Тэгээд л маргааш нь ээжийгээ дагуулж очоод шалгуулахад тэнцсэн. Ирэх намар нь хичээлдээ орж, бүжигчин болох гараа минь эхэлсэн гэж хэлж болно.

АНХНЫ АМЖИЛТ

-Би хуучнаар Хөгжим бүжгийн коллежид 11 дүгээр ангид сурч байхдаа ОХУ-ын Улаан-Үдэ хотноо зохион байгуулсан “Вепок Дружбы” гэх Олон улсын бүжгийн тэмцээнд анх удаа оролцож байлаа. Тэр тэмцээн миний анхны олон улсын тайз байсан учраас маш их сандарч догдолж байснаа ер мартдаггүй.

Миний хувьд энэ тэмцээн олон зүйлийг сургаж, өөрийгөө илүү сайн хөгжүүлэх ёстой гэдгийг минь ойлгуулсан. Анхны тэмцээндээ оролцохдоо шагналт байранд шалгараагүй ч их юм сураад ирж байлаа. Хөгжим бүжгийн коллеж төгссөн жилээ Монгол Улсын Үндэсний их театрт 2014 онд бүжигчнээр ажилд орсон. Дараагаар нь 2017 онд “Nomadic ballet” тэмцээнд оролцож, “Модерн” төрөлд бүжиглэж, хүрэл медаль хүртсэн юм.

 БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛСАН “ГОЦЛОЛ БҮЖИГЧДИЙН XVI УРАЛДААНД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Би Монголд байхдаа энэхүү олон улсын тэмцээнд оролцох юмсан гэж их хүсдэг байлаа. Өөрөөр хэлбэл, миний мөрөөдөлдөө хүрэх нэг том алхам байсан л даа. Ази тивдээ хамгийн том уралдаанд тооцогдох “Гоцлол бүжигчдийн ХVI тэмцээнд энэ жил дэлхийн есөн орны 427 бүжигчин өрсөлдсөн. Миний оролцсон “Уламжлалт угсаатны” төрөлд найман эрэгтэй, 21 эмэгтэй гоцлол бүжигчин хагас финалд шалгарч, би тэндээс нэгээр гарч ирж төгсгөлийн шатанд шууд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Төгсгөлийн шатанд дүнгээ сонсох мөчид БНСУ-ын бүжигчид хоёр, гуравдугаар байрыг эзэлж, “Монгол Улсын бүжигчин тэргүүн байранд орсон” гэж хэлэхэд нь итгээгүй. Би бүжигчин болсондоо тэр үед л маш их баярласан. Миний сайн яваа минь Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл, Соёлын тэргүүний ажилтан Н.Мөнхдэлгэр гээд хоёр сайхан багштай минь салшгүй холбоотой.  Багш нарынхаа хүч хөдөлмөрөөр ийм сайхан шагнал хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаад явж байна. Миний хувьд энэ тэмцээнд монгол ардын бүжгээрээ бус Гүрж үндэсний бүжгээр оролцсоноороо онцлог байлаа. Энэ нь шүүгч болон оролцогчдын анхаарлыг их татсан болов уу. Тиймээс уг бүжгийн дэглээч А.Батхүү багшдаа баярлаж, талархсанаа дамжуулан хэлмээр байна. Хэдийгээр би БНСУ-д суралцаж байгаа ч надад цаг зав сэтгэлээ зориулан зөвлөж, тусалж байдагт баярладаг шүү. Шавь нь улам хичээх болно.

 “UBS” ТЕЛЕВИЗЭЭС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “PERFECT DANCE 2018 ШОУНД ОРЖ, ДЭД БАЙР ХҮРТЭЖ, БНСУ-Д СУРАЛЦАХ ЭРХЭЭР ШАГНУУЛСАН ШҮҮ ДЭЭ?

 -Надад анх багш маань “Perfect dance” телевизийн шоунд оролцох саналыг тавьсан. Нэг өдөр Соёлын төв өргөө дээр тоглолттой байх үеэр Соёлын тэргүүний ажилтан А.Батхүү багш “Монголд хамгийн том бүжгийн шоу болох гэж байна. Тэр шоунд оролцоод өөрийгөө сориод үз” гэлээ. Энэ шоуны үеэр бүжгийн бүх төрөлд оролцогчид их хүчтэй байсан. Би хамгийн сүүлийн шатанд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү багшийн дэглэлт, Ш.Өлзийбаярын хөгжим “Сүлдэт тэнгэр” бүжгээр оролцсон. Уг бүжиг нь есөн хөлт цагаан тугтай, Монголд хамгийн анхны цагаан шонхор шувуутай бүжиг гэдгээрээ онцлог. Энэ бүжгээ театрынхаа бүх уран бүтээлчидтэй бүжиглэсэн болохоор шүүгч болон үзэгчдэд хүрч чадсан гэж боддог. Уг бүжгээр 2018 оны Төрийн хүндэтгэлийн концертыг нээж байсан юм. Тийм учраас өөрийгөө маш азтай хүн гэж бодож явдаг.

Энэ шоуны эхний шатанд бүжиглэсэн бүжиг маань хуруун дээрээ бүжиглэдэг бүжиг байсан. Хөлийн хуруундаа хамгаалалт хийхгүй өдөр болгон бэлтгэл хийдэг байсан болохоор хоёр эрхий хуруу маань бараг мултарсан байсан. Би тухайн үедээ шүд зуун бүжгээ бүжиглэж дуусгадаг байлаа. Энэ мэт асуудал бүжигчин хүнд олон гардаг.

Өнгөрсөн жил “”UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоунд амжилттай оролцож, дэд байрын шагнал авсан. Мөн дэд байрын шагналыг дагалдаж, БНСУ-ын “Korea University of media arts” урлагийн их сургуульд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулсан.

АРДЫН БҮЖИГЧНИЙ ОНЦЛОГ? 

-Бүжигчин мэргэжил дотроо ардын бүжигчин байна гэдэг хамгийн сайхан. Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн ёс заншил, бие биелгээг тайзны хэлбэрт оруулан дэлхийн улс орнуудад сонирхуулж, тэр олон мянган хүний алга ташилтыг сонсох ямар гэж бодно. Уран бүтээлч хүний аз жаргал тэр байх аа.

Бүжигчин хүн ямар ч төрлийн бүжгийг бүжиглэх ёстой. Ямар бүжиг хийж байгаагаасаа шалтгаалан гунигтай, баяр хөөртэй, баатарлаг гэх мэт маш олон төрлийн бүжгэндээ уусч, бүжиглэхийг хүсдэг.

 ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ? 

-Би нийслэлийн хоёрдугаар амаржих газарт мэндэлсэн, айлын отгон хүү юм. Манайх ам бүл дөрвүүлээ. Аавыг маань Ц.Батчулуун гэдэг. Жолооч мэргэжилтэй. Харин ээжийг минь Ч.Өлзийбаяр гэдэг. Тогооч мэргэжилтэй. Эгч маань холбоочноор ажилладаг юм. Манай удамд өвөө маань залуудаа бүжиглэдэг хүн байсан. Тиймээс би өвөөгөө залгамжлан бүжигчин болсон доо.

Би найз охинтой. Найз охиныг маань К.Нямлхагва гэдэг. Одоо БНСУ-ын Бусан хотын Бүгёон их сургуульд улс төрийн дипломат мэргэжлээр суралцдаг.

  ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? 

-Миний хувьд чөлөөт цаг бага гардаг учраас аль болох гэртээ амрахыг хүсдэг. Гэртээ амарсан үедээ гэрээ цэвэрлэж, хоол хийх дуртай. Мэдээж гэртээ сунгалтын дасгалаа сайн хийх нь чухал. Гэртээ сайхан сунгалт хийнэ ээ. /инээв/

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

-БНСУ-аас суралцах зүйл маш их байна. Тиймээс эндээ хэлний мэдлэгээ сайжруулж, сургуульдаа илүү сайн суралцаад эх орондоо очих төлөвлөгөөтэй байна даа.

 ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ 

 -Би ирээдүйд маш сайхан амьдралын зорилго тавиад байгаа. Одоохондоо хэлэхийг нэг их яарахгүй байна. Найз охинтойгоо ирээдүйд хийхээр ярьж, төлөвлөсөн том зорилго, мөрөөдөл бий.

 МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 

-Монголын орчин цагийн залуус соёлтой, өөрийн сонирхлоо зөв хөгжүүлэхэд анхаардаг болсон гэж боддог. Би өөртөө “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” гэж хэлэх дуртай. Хүн хөдөлмөрлөж байгаа л бол зорьсон зорилгодоо хэзээ нэгэн цагт хүрнэ.

Тийм учраас үеийн залуустаа хандаж тууштай, хөдөлмөрч, үргэлж шинийг эрэлхийлэгч байгаарай гэж хэлмээр байна. Хүн тууштай, хөдөлмөрч байснаараа амжилтаас ухарна гэж байхгүй. Ямагт урагшилж байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж