-“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2015”-д дүгнэснээр Монгол улс 61 орноос 57-д орсон. Улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн тогтвортой байдал, төрийн бодлого, хууль эрх зүйн орчинг ойлгомжтой, тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн өрсөлдөх чадвараар муу байгаагийн нэг шалтгаан нь улс төрд өрнөдөг засаглалын мөчлөгүүд ажээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнг танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварыг 14 улстай харьцуулсан судалгааны энэ жилийн тайланг мэдээлсэн юм.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Жил бүр статистик тоо баримт болон санал асуулгын дүнгээс бүрдсэн 300 гаруй үзүүлэлтийг ашиглан Монгол Улсын өрсөлдөх чадварт шинжилгээ хийж, 14 оронтой харьцуулан эрэмбэлж байна. 2010 оноос хойшхи таван удаагийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий оноо жилээс жилд дээшилж, нэмэгдэж байгаа хэдий ч бусад орны оноо ч мөн адил нэмэгдсээр байгаа тул манай улс 15 дугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Энэхүү тайлангаас та бүхэн зөвхөн 14 оронтой харьцуулсан үзүүлэлтүүд болон тэдгээрийн задаргааг харахаас гадна ойрын таван жилийн чиг хандлага, сул болон давуу талаа олж мэдэх боломжтой юм. Зөвхөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг үнэлээд зогсохгүй, олон улсын аргачлалд суралцсан энэхүү арга барилаа цааш хөгжүүлж, 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 2013 оноос эхлэн гурав дахь жилдээ боловсруулж гаргаад байна. Уг тайлан нь орон нутгийн талаарх хамгийн их мэдээлэлтэй эх сурвалж боллоо. Мөн эдгээр тайланг хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм.
Монгол Улсыг Болгар, Чили, Казахстан, БНСУ, Малайз, Мексик, Перу, Катар, ОХУ, Сингапур, Словак, Словени, Тайланд, Украин зэрэг улстай эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагуудын ашигтай ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн 338 үзүүлэлтээр харьцуулан судалжээ.
Судалгаагаар Сингапур, Малайз, Катар зэрэг улс өрсөлдөх чадвар хамгийн өндөр байгаа бол Словени, Болгар, Монгол улсууд хамгийн сүүлийн байранд орж байгаа аж. Энэхүү тайланг гаргаж эхэлснээс хойш Сингапур улс таван жилийн хугацаанд өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгна.
Харин манай улс 2010 онд Украин улсын өмнө IV байранд эрэмблэгдэж байсан бол 2011 оноос хойш 15 дугаар байранд орж байгаа юм байна. Өрсөлдөх чадварыг 100 оноогоор дүгнэдэг бол 2014 онд манай улс 44.5 оноо авчээ.
Мөн энэ жилээс эхлэн дэлхийн 61 улсыг харьцуулан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2015”-ийг дүгнэхэд Монгол улс 57 дугаар байрт орсон байна.
Хуралд Монгол Улсын өрсөлдөх чадварыг танилцуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Э.Тунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Улс орны өрсөлдөх чадвар гэдэг ойлголтын талаар мэдээлэл өгнө үү?
-Улс орны өрсөлдөх чадвар гэдэг нь компаниуд нь ашиг орлоготой ажиллаж байгаа, иргэд нь эрүүл аюулгүй орчинд хангалуун сайхан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх бодлого болон бодлогын хэрэгжилтийг судалдаг. Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг бид тав дахь жилдээ гаргаж байна.
-Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Эдийн засгийн тогтвортой байдал, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх ёстой гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаад орнуудад Монгол Улсын нэр хүндийг өсгөх ёстой. Улс төрд өрнөдөг засаглалын мөчлөгүүд манай улсын өрсөлдөх чадварыг хойшлуулж байна. Сонгуулийн дараа төрийн бодлого шийдвэрүүд нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл урт хугацааны тогтвортой, улс төрийн орчин дутагдаж байна гэсэн юм.
Д.ЖАРГАЛ