Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том алхамаа эхлүүлсэн ч улс төрийн шалтгааны улмаас түр хугацаанд “гацаанд” байна. Хаврын чуулганаа өндөрлүүлж, үргэлжлүүлэн завсарлуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэж эхэлсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал улс төрийн хүрээнд тохироо хийхээс өөр гарц үлдээсэнгүй. Үндсэндээ ирэх намрын улс төрийн том зодооны бай нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болж хувираад байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦАА АХИУЛАХ УУ?
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхийн өмнө, нийтээрээ улс төрөө “мартаж” наадамлаж байхтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэнэт өргөн барьсан. Ингэхдээ, олон сар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан олон хүний зорилго, хүч хөдөлмөрийг үгүйсгэхээр заалтуудтай төслөө УИХ-ын даргад өөрийн биеэр хүргүүлэв. Чухам энэ мөчөөс дараагийн хэлэлцүүлэгтээ бэлтгэгдэж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дахин дэд ажлын хэсэг болон боловсруулах шатруу буцав.
Төрийн тэргүүний мэдүүлсэн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх ёстой зэргийг тусгасан нь судлаачдад таалагдахгүй байгаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн агуулгаас хазайсан гэдэг шүүмжлэлийн бай болоод буй. Яг энэ үйл явцтай зэрэгцэн АТГ-аас хэрэг нь хаагдсан авлигачдын бичлэгийг олон нийтэд цацсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэж, төр мөнгийг нь хурааж авч, шийтгэлээ оногдуулчихсан хэргийн бичлэгийг онилж гаргав. Түүнээс гадна АНУ руу явж, цагаачлах хүсэлт гаргасан Л.Бямбаа агсны хүүгийн талаар мэдээлэл хийж байгаа нь цаанаа учиртай гэдгийг учир мэдэх хүмүүс жиг, жуг гэлцэнэ. Мөн АТГ-аас Ерөнхий сайд нарын хэрэг, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг гээд хэсэгтээ л царцсан байсан хэргүүд гэнэт сөхөгдөн гарч ирж, заримынх нь бичлэг хүртэл тарж байгаа нь сануулга биш биз гэх хардлагад өртсөн юм. Мэдээж Ерөнхийлөгч өөрийн оруулж ирж буй саналуудаа дэмжүүлэхийн тулд одоогийн барьцаа ахиулна гэж тооцвол цаашид МАН түүний саналыг дэмжээд явахаас өөр гарцгүй болно.
МАН ДОТООДДОО ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ “ЗӨВШӨӨРНӨ”
Хэдийгээр УИХ-ын дарга улс төрийн 17 нам, судлаачид, хуульчид гээд олон талт уулзалт хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа ч энэ удаагийн өөрчлөлтийг дэмжих кнопны тоо олон. Тэгэхээр УИХ-ын даргын хувьд ч, МАН-ын даргын хувьд ч хүслээ гүйцээхэд нам дотроо багагүй тохироонд орж болзошгүй нөхцөл байдалд бий, ялангуяа 2020 оны сонгууль ойртсон энэ цаг үед. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байлаа ч нам дотроо 40 гишүүн дэмжүүлж байж дараагийн асуудал яригдана. Хэдийгээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаанд амарсан ч улс төрийн хөшигний арын толхилцоон, тохироо үргэлжилсээр буй.
Ямартай ч хөдөлгөж чадсан том галт тэргээ МАН урагшлуулахын тулд намраас том сорилттой учрах нь. Харин энэ бүхнийг хэрхэн тооцож, тэр бүрт хэн, хэнтэй гар барьж, хэн “золиосонд” гарах бол гэдэг анхаарал татах асуудал. Эхнээсээ ч эхэлж байгааг нь АТГ “баталчихлаа”.
Ш.ЧИМЭГ