Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан, энэхүү ойн хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд Халхын голын дайны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажлын орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Чойбалсан хотод 4 хөшөө, Халхгол суманд 6 хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байгаа бөгөөд ажлын явцтай өнөөдөр Халхын голын дайны Ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл болон албаны хүмүүс танилцлаа.
Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол дайчдын хөшөөг сэргээн засварлах ажлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гэрэлбаатар өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Хөшөөг Барилгын цэргийн 030 дугаар анги Халхын голын ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан бөгөөд П.Гэрэлбаатар тэргүүлэгчийн аав Пүрэвгэрэл уг хөшөөг барихад оролцож байсан түүхтэй юм. Хүү нь аавынхаа дурсгалд зориулан Халхын голын ялалтын түүхт 80-н жилийн ойгоор энэхүү хөшөөг өөрийн хөрөнгөөр засварлаж байна.
Чойбалсан хотын Халхын голын дайны түүхэн дурсгалт Бөмбөгдөлтийн хөшөө, найрамдал парк дахь хуягт хөшөөг сэргээн засварлах ажлыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Базаргүр захиралтай "ДОЦ" ХХКомпани гүйцэтгэж байна.
ОХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Оросын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэн босгосон /Бунхан толгой/ хөшөөг засварлах ажил явагдаж байна. Засварын ажлыг Оросын холбооны улсын "Шидэт орос байшин" компани гүйцэтгэн засварын ажил дуусч хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн парад хүлээн авах индрийг засварлах болон Тусгаар тогтнолын талбайг сэргээн засварлах ажлыг аймгийн ИТХ-аар батлагдсан төсвийн хүрээнд Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж эхлээд байна.
Холбоотой мэдээ