Авлигад авсан боодол ам.доллараа ширээн дээр гаргаж шидэх хурган даргын бичлэг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т нэмэх оноо цуглууллаа. Байгуулагдсан цагаасаа сайн нэр дуулаагүй тус газрыг ганц бичлэг алдаршуулж чадав. Цаашдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон эрхмүүдийн бичлэгийг олон нийтэд үргэлжлүүлэн цацах тул дараагийнх нь хэн байх вэ гэдгийг хүлээх л үлдэж байна.
Гэхдээ энд дурдахгүй өнгөрч боломгүй асуудал нь авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан хэдэн зуун хүнээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр нартай холбогдох бичлэгийг олон нийтэд цацсан нь цаанаасаа бодлоготой, зорилготой үйлдэл байв уу гэх хардлага ч дагуулж буй. Учир нь Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцээд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэг тэрбумынх нь хахуулийн хэрэгт 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь үйлдсэн хэрэгт нь тохирох ял шийтгэл биш боловч энэ хэрэгт МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нар холбогдсон байдаг. Гэтэл яагаад Э.Аззаяатай холбоотой авлигыг нь илчилсэн бичлэг цацсангүй вэ. АТГ-ынханд түүнтэй холбоотой бичлэг байсангүй юу, эсвэл ардаа том хүнтэй тул “хамгаалалтад авч” олон нийтэд ил дэлгэсэнгүй юу.
Бизнес эрхлэгчдийн өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгийг газар, хэлтсийн дарга нар нь боодол, боодлоор нь халаасалж, авлигад нэг тэрбум төгрөг авсан нь батлагдсан байтал яагаад өнөөдрийг хүртэл МХЕГ-ын дарга нь огцорсонгүй, Шадар сайд нь түүнийг чөлөөлсөнгүй вэ. Засгийн газрын авлига хээл хахуультай хийх тэмцэл энэ юм уу гэх асуудал ч хөндөхөд хүргэж буй.
Төрийн албан тушаалтнуудын үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдээс харахад авлига авсан этгээдэд дээд албан тушаалтан нь захиалга өгсөн тохиолдол бишгүй. Намдаа санхүүжилт босгох, төрийн албанд томилогдоход нь дээш татсан хүндээ хариу барих зорилгоор авлига хээл хахуульд авснаа буцаагаад “бэлэг” болгохыг оролдсон жишээ ч бий. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярын захиалгаар авлига авсан гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
Тэрбээр ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд баригдаж, шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан юм. Өөрөөр хэлбэл, авлига хээл хахууль гэдэг ганц хүний үйл хөдлөлөөр хийгддэг зүйл биш. Хэд, хэдэн хүн холбогдож, бүхэл бүтэн сүлжээ ч бий болгосон байх нь бий аж. Түүнийг үндсээр нь таслаагүй цагт төрийн албанд бугшсан авлига, хээл хахуулийг таслан зогсоох боломжгүй. Зарим талаараа хууль эрх зүйн орчноор ч хамгаалагдсан байдаг.
Санаатай юу, санамсаргүй юу. Эрх баригч хүчин 2016 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь авлига, албан тушаалтай холбоотой цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох, торгууль төлж хэрэг нь хаагдах зэргээр ял шийтгэлгүй өнгөрч буй. Улс нийгэмд учруулсан хохирол нь хэдэн арван тэрбумаар яригдах атлаа авсан шийтгэл нь ердөө торгуулиар өнгөрдөг. “Тэрбумыг хусаад 40 сая төгрөгийн торгууль төл” гэдэг яриа гарсан нь МХЕГ-ын экс хурган дарга нарт холбогдох хэрэгт оноосон шүүхийн шийдвэрт өгсөн хариу юм. Гэхдээ энэ хэргийг үйлдэгчдэд зохих шийтгэлийг ногдуулаагүйд шүүгч нарыг буруутгахаас илүүтэй хууль эрх зүйн орчныг нь хөнгөрүүлсэн хууль тогтоогчид буруутай. Хүний эрхийг хангах нэрээр өөрийн хүмүүсээ ял зэмээс мултлах зорилгоор хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байхыг ч үгүйсгэхгүй.
Төрийн албанд үүрлээд байгаа авлига, хээл хахуультай холбоотой асуудалд Эдийн засгийн хамтран ажиллагаа, хөгжлийн байгууллага судалгаа хийснээ өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцуулсан.
Тэрхүү мэдээллээр Монгол Улсад өндөр түвшний авлига газар авсан байна. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн албан тушаалтнуудын шударга ёсны хэм хэмжээг тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт сул. Авлигын гэмт хэргийг шударгаар шүүн таслах ажиллагаанд саад болж болзошгүй нэг зүйл нь хуульд хөөн хэлэлцэх хугацаа хэт богино. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь хэт богино байгаа нь гэмт үйлдлийг хийж байгаа хүмүүс хэргээс зайлсхийх, ял шийтгэлээс зугтах боломжийг олгож байна гэж үзсэн юм.
Цаашид Монгол Улс авлига, хээл хахуулийн хэрэгтэй тэмцье гэвэл УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, энэ заалт нь төрийн албан тушаалтнуудын үйлдсэн авлига, албан тушаалын хэрэгт үйлчилж байхаар зүйчилж өгөх. АТГ бичлэг цацахаасаа өмнө авлигыг сүлжээгээр нь илрүүлж чадав уу гэдэгт анхаарал хандуулан ажиллах шаардлага үүсэж байна.
Г.ХОРОЛ