Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирнэ. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар хорвоог орхин одсон билээ.
Тэгвэл өнөөдөр сошиал орчинд "Талийгаачийн эмчилгээнд нийтдээ 1.25 тэрбум төгрөг цугларсан байна. Эмчилгээнд зориулагдаагүй үлдсэн мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болжээ" гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг худал болохыг талийгаачийн багш О.Баярцогт хэлэв
Тэрээр АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Удаан хугацаанд хүчилтөрөгчийн аппаpаттай байснаар уушги нь цоорч, тархинд нь цус харван, салхин цэцэг өвчин бүх дотор эрхтнүүдийг нь гэмтээсэн ч хүнд өвчинтэйгөө тэмцэж, зүрх нь цохилсоор байсан тухай гэр бүлийнхэн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байсан.
О.Дөлгөөний биеийн байдал муудсан гэнэтийн мэдээ Монголын ард түмнийг нэгтгэж, “Pray4Dulguun” олон улсын хэмжээний хандивын аяныг өрнүүлсэн. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ