Гадаадад манай 180 мянган иргэн амьдардаг

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Гадаадад манай 180 мянган иргэн амьдардаг

Гадаадад манай 180 мянган иргэн амьдардаг

Одоогоос таван жилийн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ байгуулагдаж байжээ. Гол зорилго нь харь оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгардаг олон асуудал, нийгмийн халамж, үйлчилгээг шийдэх, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх зэрэг аж. Уг зөвлөл өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар болон бусад байгууллагуудтай хамтарч хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.

2019 оны эхний улирлын байдлаар гадаад улсад манайхаас 180 мянга гаруй иргэн амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50 мянга, АНУ-д 40, Европт мөн тооны иргэд байгаа юм. Тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хэд хэдэн ажил зохион байгуулж, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал:

  • Иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зорилгоор сонгууль өгөх эрхийг нь баталгаажуулсан
  • Тухайн улсын хууль, дүрмийг судлахад мэдээ, мэдээллээр хангаж, сурах ажиллах боломжийг бүрдүүлсэн
  • Өсвөр үеийн хүүхдүүдийн хэл соёлын асуудлыг чухалчилж, Монгол хэлээ сурч, мэдэхэд дэмжсэн
  • Монгол улсын төр, засаг, гадаад суугаа Монголын иргэдийн хоорондын харилцаа, холбоог сайжруулсан
  • Нийгэм хамгааллын чиглэлээр олон улсын нийгмийн даатгалын гэрээ хийх зэрэг олон ажлуудыг хийжээ.

Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй, ярьж чадахгүй байх ажээ. Үүнийг шийдэхийн тулд ТББ-дын дэмжлэгтэй Монгол сургууль, сургалт, дамжааг хичээллүүлж байна. Одоогоор гадаадад амьдарч буй 4000 мянга гаруй хүүхэд Монгол хэл соёлоо сурч байгаа юм. Тэдэнд хичээл заах багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголд хоёр хоногийн семинар, лекц хичээлийг эхлээд байна. Үүнд хамрагдахаар гадаадад ажилладаг Монгол хэлний 15 багш иржээ.Тэдний нэг бол Швед улсаас ирсэн багш Х.Саранхүү юм. Урьд нь тэр Монголд байхдаа нийслэлийн 41-р сургуульд Монгол хэл, уран зохиолын багш хийж байв. Шведэд очоод арав гаруй жил багш, орчуулагчийн ажил хийж байгаа юм. Тэрбээр ярихдаа: “Шведийн нэг онцлог гэвэл гадаадын орнуудаас очиж байгаа хүүхдүүдэд долоо хоногт нэг удаа төрөлх хэлээ сурах боломжийг гаргаж өгдөг. Тэгэхээр бид тухайн улсынхаа төр засагтай гэрээ хийгээд ажиллана гэсэн үг. Үүнд 1-9-р ангийн хүүхдүүд хамрагддаг. Ойролцоогоор бүтэн жилийн хугацаанд 35-40 цагийн хичээлийг 30-50 хүүхдэд заадаг. Шведэд амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн Монгол хэлний чадвар харьцангуй сайн. Түүх, соёлоо их дээдэлдэг. Манай Монголын төрийн болон ТББ-ууд үүн дээр их анхаардаг учир одоо багш нараа чадавхжуулж байна. Үр дүнтэй сургалт болох байх гэж бодож байна” гэв.

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-ийн тэргүүн Н.Номин-Эрдэнэ мэдээлэхдээ: Манай байгууллага бол сайн дурын үндэс дээр байгуулагдсан. Бидний үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хамтарч, дэмждэгт талархаж байна. Манай иргэд нийгмийн халамж, даатгалын асуудлыг их сонирхдог. Энэ чиглэлээр Польш, Турк, Чех гэх мэт орнуудтай гэрээ байгуулж, даатгалд хамруулахаар болсон байгаа. Мөн Монголчууд тухайн оронд очихдоо мэдээлэлгүйн улмаас их хохирдог, гэмт хэргийн золиос болох бий. Тэдэнд хууль, эрх зүй болон мэдээллийн тусламж үзүүлдэг. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр янз бүрийн асуудал гаргадаг хүмүүс байна. Хулгай, дээрэм, зодоон цохион гэх мэт. Үүнийг нуухгүй. Гол нь эдгээр хүмүүс тухайн орныхоо хууль дүрэм, ёс жаягийг мэдэхгүйтэй холбоотой” гэсэн юм.

Харин Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг яриандаа: “2016 оноос эхлэн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-тэй хамтран ажиллаж, олон асуудлыг шийдэж чадсан. Өнөөдөр бид таван жилийн ажлын үр дүнгээ хэлэлцээд, тайлагнаад сууж байна. Нийгэм, эдийн засаг, хамгаалал, хууль эрх зүй, боловсролын чиглэлээр Монголын төр тухайн орны Засгийн газартай иргэдээ хамруулан хамтарч ажиллахаар оролдож байна. Оролдож байна гэдэг их зүйлийн эхлэл. Бид уг хөтөлбөрөө 2020 оноос эхлэн цааш нь үргэлжлүүлэх зорилготой байна” гэлээ.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж