МХЕГ-ын хэлтсийн дарга оймсондоо боодол ам.доллар нуусан байсныг АТГ-ынхан бичлэгээр ил болгосон биш улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан ”акулууд”-ын хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулиас бултуулж, хэрэгсэхгүй болгон “живүүлэх” гэж байсан нь олон нийтийн анхааралд өртөв. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ батлах үеэр Ц.Нямдорж сайд Х.Нямбаатар гишүүнийг “Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж заналхийлж байсны учир ч ийнхүү тайлагдлаа. УИХ-ын чуулганы үеэр тэрбээр эрхэм гишүүн рүү ийнхүү улайран дайрсны цаана улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан “акулууд”-ын хэргийг хав дарах ашиг сонирхол байсан нь ил болсон хэрэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчийн саналыг 2-3 сар хав дарж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан ба түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол Ц.Нямдорж сайдад байжээ. Энэ бол манай шударга сайдын хувьд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан төгс гэмт хэрэг юм. Танилц, Ц.Нямдорж сайдын хуулиас бултуулж авч үлдэх гэсэн гэмт хэргүүдтэй!
Ц.НЯМДОРЖ БА Г.АЛТАН
Уг нь Г.Алтангийн салсан нөхөр С.Жамьянсүрэнгийн үгээр үг хиймээргүй байдаг ч түүний оролцоогүйгээр одоо хүртэл үргэлжилж байгаа бизнесийн хэлхээ холбоог яалтай билээ. Арван нэгэн жилийн өмнө С.Жамьянсүрэн “Нийгмийн толь” сонины 2008 оны хоёрдугаар сарын 27-ны дугаарт “Ц.Нямдоржийн хувьд гэвэл 2003 онд Засгийн газрын хуралдааны 15 дугаар тэмдэглэл байдаг. Түүнд “Алтжин” компанийн охин компани болох “Боршоон буянт” компанид спирт, пиво үйлдвэрлэх эрхийг нэг өдөр олгосон байсан. Г.Алтан ярихдаа “Хөөрхий Ц.Нямдорж үдээс өмнөх хуралдаанаар Н.Энхбаяртай нэлээд маргалдаад, харин үдээс хойшхи хуралдаанаар зүтгүүлж байж зөвшөөрөл өгчээ” гэсэн. Дараа нь кассын эрхлэгчээ дуудаад “30 сая төгрөг аваад ир” гэсэн. Нөгөөх нь арван мянгатын гурван том боодолтой мөнгө оруулж ирсэн. “Хүнд тэгш тоотой юм өгдөггүй” гээд дахиад нэг саяыг нэмж 31 сая төгрөг болгоод өөрийнхөө хамгаалагч Болдбаатарыг дуудаж “Ц.Нямдоржийн жолооч гадаа зогсч байгаа. Үүнийг аваачаад өг” гэсэн. Дараа нь Ц.Нямдоржид “Нөгөө зүйлийг чинь өгөөд явууллаа” гэж ярьсан” гээд тухайн үед бичлэг хийгээгүй ч хамгаалагч Болдбаатар, кассчин Нэргүй, харуул, хянагч нар болон өөрийгөө амьд гэрч хэмээн өгүүлсэн нь сонины хуудаснаа бий. Ийнхүү 2003 оны 31 сая төгрөг л мэдэгдэж буй ч ханшаар бодоод үзэхэд нүнжигтэйхэн гарыг нь цайлгадаг байсан Г.Алтан, Ц.Нямдорж нарын нөхөрлөл бидэнд одоо цаг дээр харагдаж байна. “Г.Алтангийн байрыг түрээсэлж” амьдардаг гэх домогт доромжлолдоо тэр огтхон ч санаа зовинодоггүй. Тэр нь ХУД-ийн 11 дүгээр хороо Белла Виста хотхоны 100-103 тоотын 159 м.кв орон сууц. Хэдийгээр энэ тухайгаа хээвнэг телевизээр тайлбарлаж суудаг ч энэ нь Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.17-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх…” гэсэн хориглолтыг зөрчдөгийг огт тоохгүй олон жилийг үдлээ. Түрээсийн байрыг улиг боллоо гээд орхиж болох ч Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнтэй холбоотой Төрийн банкны 51 сая төгрөгийн маргааныг үл тоох аргагүй билээ. “Капитал” банкийг татан буулгасны дараахан буюу өнгөрсөн хавар “Г.Алтанд залилангийн хэргээр эрүү үүсгэсэн үү” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Тодруулбал, “Г.Алтан “Капитал” банкин дахь 84 тэрбумын хадгаламжаа 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж болзошгүй. Банк татан буугдах гэж байгаа тухай мэдээллийг түүнд хэн гэдэг эрх мэдэлтэн өгөв” гэж нэг хэсэг шуугисан ч тэгсхийгээд намжсан.
ЭДУАРД СҮРЭН БА ТӨРИЙН БАНК
Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүүд 2010 онд 32 сая 855 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум төгрөг зээлсэн нь өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс 2013 онд дээрх 32.8 сая ам.долларыг төлөөгүй тохиолдолд Төрийн банкнаас дээрх мөнгийг гаргуулах шийдвэр гаргасан байдаг. Харин Төрийн банк уг шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээ шүүхэд гаргаснаар 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх хэлэлцсэн ч “2013 ондоо давж заалдаагүй” гээд хэлэлцээгүй. Тиймээс Төрийн банк энэ асуудлуудыг АТГ, прокурорын байгууллагад хүргүүлсэн юм билээ. Учир нь 51 тэрбум төгрөгийн маргааныг “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалсан гэх асуудалтай нэгтгэн мөрдөж байгаа бөгөөд уг хэргээс тусгаарлаад шалгавал нотлох баримтуудаа шүүхэд дахин өгнө. Мөн 2018 оны 2 дугаар сард Улсын дээд шүүхээс Э.Сүрэнг Төрийн банк бус "Жаст групп"-ээс төлбөрөө гаргуул гэсэн тогтоол гарсан. Тиймээс Э.Сүрэн "Жаст групп"-ээс л мөнгөө авах ёстой” гэдэг юм. Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп “Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд төрийн зарим албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг” гээд яриа, тэмдэглэлүүдийг дурдаад “Эндээс үзэхэд эрх бүхий албан тушаалтнууд “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг. Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг” гэхчлэн ярьжээ. Энэ бол хуульч хүний баримт нотолгоотой яриа. Харин өнөөг хүртэл Төрийн банкны хувьчлалын асуудал, хувьчлалын үнэлгээ яагаад ч юм бэ 51 тэрбум төгрөгийн хэмжээнд яригддаг, энэ сэдэвт Г.Алтангийн нэр заавал хамт яригддаг нь анхаарал татсан хэвээр байна. Ц.Нямдоржийн хувьд Г.Алтанд Төрийн банкийг “авч өгөхөөс” татгалзахгүй эрмэлзэлтэй явдаг нь нэг бус удаа ажиглагдаж байсан. Төрийн банк хэзээ Г.Алтанд, түүний хүү Эдуард Сүрэнд очих нь цаг хугацааны асуудал болсон. Эдуард Сүрэн ч сайн ээжийн буян банк, уул уурхайн бизнесийн хослон тоглогч болох цаг ойрхон ирээд байна. Харин найр тавьсан энэ наймааны ард төр хэр хохирох бол.
Ц.НЯМДОРЖ БА Ш.БАТХҮҮ
Яг анзаарахад Ц.Нямдоржийн хэлсэн үг Ш.Батхүүг ер онилж чиглэж чаддаггүй. Жишүүхэн харах мэт, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой сэдэвт цаанаа л хайнга, дөлсөн байдалтай. Асуудлын гол болоод байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авсан гэх “үйл явдал”-ын үеэр Ц.Нямдорж “ноцтой” албан тушаалд байгаагүй тул холоос ажиглах боломжтойгоо завшаан гэж үздэг юм билээ. Харин түүнээс цаашхи үр дагавар буюу шулуухан хэлэхэд ашиг хонжоо нь Ц.Нямдоржид ашигтайгаар эргэсэн. Одоогоос нэг жилийн өмнө 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг. Төрийн банкийг хувьчилбал Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Хувьчлан үнийн саналыг ердөө 75 тэрбум төгрөгөөр тогтоож оруулж ирлээ. Өр нь 35 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авах гээд байна” гэсэн юм. Мөн гишүүн О.Баасанхүү “Төрийн банк бол миний ойлгож байгаагаар Хадгаламж банк. “Стандарт” банкны 108 сая ам.долларын маргаан шүүхээр явж байгаа. Тийм болохоор Төрийн банкийг ердөө 75 тэрбумаар хувьчлах гээд та нар тохирчихсон юм биш үү. Ер нь ийм асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой” гэсэн.
Харин одоо бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд. “Шинэ үеийн хонгил”-оор хэн орох, гарах нь түүнд болон түүний эрх мэдэлд, мэдээлэлд хэтэрхий ойрхон, бараг гарт нь байгаа гэсэн үг. Түүний ХЗДХ-ийн сайдаар ажиллах энэ цаг үед “Жаст”-ын Ш.Батхүү лав “хөөн хэлэлцэх хугацаа”-гаа тэсэн ядан хүлээсээр уг хэргийг хэрэгсэхгүй болж гэмээнэ Ц.Нямдоржид дахиад л хожил авчирна. Ингэснээрээ Ц.Нямдорж Г.Алтанд ч, Ш.Батхүүд ч тусалсан болж ашиг нь Г.Алтангаас Ц.Нямдорж руу урсах урьдчилсан зураглал харагдаж байна. Үүнээс өөрөөр Ц.Нямдорж, Ш.Батхүү нарыг ойртуулж харах боломжгүй. Тэгээд ч Ш.Батхүү бол С.Баярын хүн. С.Баярын “хүмүүс” хоорондоо дайтах утгагүй. Өөрөөр хэлбэл хэчнээн хүсэвч Ц.Нямдорж Ш.Батхүүд муу эсвэл сайн зүйл хийх нь хаалттай гэсэн үг. Ямартай ч Ш.Батхүүгийн балгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн Эрсдэлийн сангаасаа 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд тавьсан өрийг тэглэсэн талаар Засгийн газрын гишүүд мэдээлсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой сэдэв дуулиан дэгдээж буй энэ үед Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх прокурор руу буцаасан тухай мэдээлэл цацагдлаа.
Ц.НЯМДОРЖ БА Ч.ГАНЗОРИГ
Ц.Нямдорж, Ч.Ганзориг нарын хоорондын харилцаа Ш.Батхүүгийнхтэй нэлээд төстэй. Нэг намын удирдлагад, удирдлагын дээгүүр шатанд нэг байр сууринд явсан хэдий ч тэд хэт ойртдоггүй. Бас хамааралгүй биш. Албан тушаалын хувьд ч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч тэр. Ч.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэрэгт хэр зэрэг оролцоотой, ямар үүрэг гүйцэтгэсэн, яаж сугалж болох гарцтай, хамгийн гол нь “сугалах” ямар шалтгаантай вэ гэдгийг Ц.Нямдорж нарийн тооцоолсон. Гэсэн ч өөртөө болон намдаа ашигтайгаар шийдэхээр сэтгэл шулуудсан хоёр “Монголын зэс” компаниар дэнчин тавьж бүх ашигтай алхмыг хийж нэг нь ялгүй, нэр цэвэр, нөгөө нь “Эрдэнэт үйлдвэр” тул ам ойр бөгөөд нөлөөтэй үлдэх боломжоо хамгаалж үлдэж чадсан. Үүнээс өөрөөр Ч.Ганзориг, Ц.Нямдорж нар дотносох ч, дайсагналцах ч шалтаг үгүй. Дахин хэлэхэд Ц.Нямдорж яаж ч зуусан С.Баярын, Н.Багабандийн хүмүүсээр оролддоггүй. Хэвлэлийнхэн болон улс төрийн тайзан дээр түүнийг яаж ч шалсан бөөрөнхийлөөд л өнгөрдөг. Харин Ч.Ганзоригийн хувьд Н.Энхбаярын хүн гэвэл үнэнд дөхөх байх. Түүнийг баривчилж хорьсон нөхцөл байдлын тухайд “Эрдэнэт үйлдвэр” дэх шахаа биш “Жаст”-тай түлхүү холбоотой байв. Тиймээс Ч.Ганзоригийг биш Д.Сугар, Ш.Батхүүг гэхчлэн онилцгоож байсан тул хандлагаа онцолж илэрхийлэх шаардлагагүй байлаа. Гэхдээ тухайн үед нэг ньюанс гарсныг хүмүүс тэгтлээ анзаараагүй. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ч.Ганзоригийн дараа хэн удирдах вэ гэдэг асуудал байв. Тэгэхэд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргыг хурдан томилох шаардлагатай гэж Засгийн газрыг шавдуулж байсан. Учир нь түүнд “ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригтыг томилох” бүлэглэлийн даалгавар ирсэн байв. Хэрэв өнөөдрийнх шиг Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан бол Ц.Нямдорж түүнийг зүтгүүлж томилох шиг амархан ажил байгаагүй биз. Ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” төрд байх ёстой” гэдгийн нэгэн адил Ц.Нямдоржид таалагддаг байх ёстой гэдэг хэлц хүртэл гарсан байна билээ.
Ц.НЯМДОРЖ БА Д.ДОРЛИГЖАВ
ХЗДХ-ийн сайдаар ээлжлэн томилогдсон энэ хоёр эрхэм нэг нутгийнх. Гэхдээ айхтар хоёр тийшээ хараад суучихна гэж үгүй. Харин ч амь нэгтэй. Бас нэг тод ижилсэл нь хоёулаа Б.Хурцад дургүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц цор ганцхан удаа, тэгэхдээ нэн эгзэгтэй мөчид хэвлэлийн бага хурал хийлгэж билээ. Тэр үеэр Б.Хурц “Ц.Нямдорж сайд болох бүртээ Тагнуулын ерөнхий газраар оролддог. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл маш хүчтэй. Эрдэнэттэй холбоотой маш их бизнес шахаа хийдэг” гээд зарлачихсан юмдаг. Түүгээр ч барахгүй “Д.Дорлигжав 800 мянган ам.долларын асуудалд орсныг Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж замхруулсан” гэдгийг чанга хэлж мэдээлж чадсан.
Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророор ажиллаж байх үед онц ноцтой олон хэрэг хаагдсаны дотор бүлэглэлийн эрх ашиг, Увс фракцийг хүчирхэгжүүлэх нөлөө бүхий олон хүнд холбогдох хэрэг багтдагийг хуулийнхан харамсан ярьдаг. Түүний дотор мөнөөх л “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын нууц наймааны хэрэг ч багтана. Уг хэргийг илрүүлэхийн төлөө ажилласан хуулийн багийнхан харамссандаа уйлах шахам ярьдаг ийм хэргийг хаасан хүн яаж ядуу амьдрах билээ. “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд Д.Дорлигжавт Ерөнхий прокурор байхад нь атгуулсан дөрвөн сая ам.долларынхоо төлөө бараг өдөр бүр АТГ руу, прокурор руу утас цохиж лавладаг гэсэн. Харин Д.Дорлигжав “Би түүнээс гүтгэгдсэн гэж дөрвөн сая ам.доллар нэхэмжилнэ” гэж телевизээр ярьсан. Асуудлын гол нь дөрвөн сая ам.долларт биш гэдэг нь ойлгомжтой. “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболдод “дургүй” байх шалтгаан Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хоёуланд нь бий. Тэгэхээр энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь нэхэмжлэгчээс бусад хүнд тодорхой билээ. Хамгийн сэжигтэй нь Д.Дорлигжавын өмгөөлөгч “Энэ хэрэг дуусах шатандаа орж байгаа” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Магадгүй, нутгийн ах Ц.Нямдорж нь арга чарга хайж, хөөн хэлэлцэх хугацаа дуустал Ерөнхийлөгчийн саналыг хав дарсан биз ээ.
Ц.НЯМДОРЖ БА Н.АЛТАНХУЯГ
“Увс бүлэглэл хүчтэй. Увс бүлэглэл дотор Ц.Нямдорж, Д.Дорлигжавын нөхөрлөл бүр ч хүчтэй” гэдэг. Сонирхолтой нь Увсын, нэг намын Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар хагаралдаад таарахгүй байхад хоёулантай нь таараад, бүр зангидаад байдаг нь Ц.Нямдорж. Н.Алтанхуяг нэгэнтээ Д.Дорлигжавыг “Шударга бусын хонгилыг үүсгэсэн, МАНАН бүлгийн гол толгойлогч гэчихсэн. Харин Д.Дорлигжав “Тэгж яривал манай Н.Алтанхуяг үүнийг үүсгэсэн. 2008 онд АН сонгуульд ялагдсан. 7 сарын 1 болж, 5 сайхан залуугийн амь үрэгдсэн. Нийгэм бүхэлдээ цочирдсон. С.Баяр гэдэг хүн байхад МАН-ыг 45 суудалтай ялалт байгуулсан, дангаараа засаг байгуулах бүрэн бололцоотой байсан. Энэ үед Н.Алтанхуяг намын дарга болсон. Би ерөнхий нарийн бичгийн дарга байж байгаад ажлаа Д.Эрдэнэбатад хүлээлгэж өгсөн. Энэ хоёр ямар ч шаардлагагүй газар МАН-тай эвслийн Засгийн газар байгуулж Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд болсон. Тэгэхэд С.Баяр “Оюутолгой, Тавантолгой, том төслүүдээ урагш нь явуулмаар байна” гэдэг гэгээн сайхан үг хэлсэн. Ингэж МАНАН эхэлсэн түүхтэй юм аа, уучлаарай, Алтанхуяг аа” гэсэн мэдэгдэл хийсэн. Харин Ц.Нямдорж тэдний хэнтэй нь ч мууддаггүй төдийгүй Н.Алтанхуягтай бол бүр ч дотно. Түүний нөхөрлөл бүхний цаана мөнгө байдаг. “Энержи ресурс” бүлэглэл түүний хувьд Увс бүлэглэлээс нь дутуугүй эрхэм. Тиймээс ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Арван таван авлигачин”-д багтаахад эгдүүцэж “Ижий, аав хоёроо дуулаад Энхбаярынхаа шоронд орно доо” гэж даапаалан ярилцлага өгч байв. Н.Алтанхуяг ч, Д.Дорлигжав ч түүнтэй дотно болохоор тэр. Тэгээд ч 2004-2006 оны хооронд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т “ДЦС-3”-ийн захирал С.Анхбаяр гэж Увсын нөхрөөр дамжуулан 42 сая ам.долларын бараа нийлүүлэх гэрээ хийхэд нь Н.Алтанхуяг “Эрдэнэт”-ийн захирлыг “Хаан жимс” дээр дуудаж үүрэгдсэн гэдэг нь ч нууц биш болоод удаж байна. Хууль хяналтынхан С.Анхбаярыг саатуулан шалгаж, шүүхээс хорих ял оноосон ч нэг л өдөр торгох шийтгэл болж өөрчлөгдсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үедээ “Манай хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж мэдэгдсэн. Нэг хэсэг дуулиан тарьсан хүргэн Г.Дэнзэнд холбогдох 17 тэрбум төгрөгийн хэрэг ийнхүү Ц.Нямдорж сайдын үед замхрав бололтой.
Ц.Нямдорж эрх ашгийн шалтгаанаар бусадтай нөхөрлөж, мөн ийм шалтгаанаар бусдад дайсагнадаг. Хамгийн аюултай нь түүний гарт бактерологийн зэвсгээс ч аюултай хуулийн салбар дахь нөлөө байдаг. Энэ зэвсэг хожмын өдөр юунд ч хүргэж болох учраас өөрийнх нь хэлдгээр “Газрын ойр, гарзын бага” дээр нь хуулийн салбарыг түүнээс ангид байлгах цаг хэдийнэ болсон.
Л.ЦОЛМОН
Холбоотой мэдээ