Аль Кайда террорист бүлэглэлийг үүсгэн байгуулагч Осама Бин Ладен агсны хүү алагдсан тухай АНУ-ын тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээлжээ.
Түүний байгаа газрыг олж өгсөн хүнд АНУ нэг сая ам.доллар амлаад байсан билээ. АНУ-ын уг мэдэгдлийн дараагаар Саудын Араб улс түүний иргэншлийг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Гэвч одоо 30 орчим настай Хамза Бин Ладен хэзээ, хаана, хэрхэн алагдсан нь тодорхойгүй байгаа юм байна. Сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нараас энэ тухай тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Сүүлийн үед Хамза аавынхаа өшөөг авахаа мэдэгдэж, дагагчид нь АНУ болон Европын холбооны улсуудад халдлага үйлдэх талаарх дүрс бичлэгүүдийг мэдэгдэл болгон явуулаад байгаа аж. АНУ-ын тусгай албаны цэргүүд 2011 онд Осама бин Ладеныг Пакистанд байхад нь хөнөөсөн. Тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын худалдааны төвийн хоёр ихэр цамхаг руу халдаж, 3000 гаруй хүнийг хөнөөсөн билээ.
АНУ-аас хоёр жилийн өмнө Хамза бин Ладеныг “олон улсын террорист” хэмээн албан ёсоор зарлажээ. Осама бин Ладены байрлаж байсан Аббутабагаас Хамза бин Ладеныг “Аль Кайда” бүлэглэлийн дараагийн удирдагч болно гэсэн Осама бин Ладены гэрээслэл олджээ.
Осама бин Ладены хүү Афган, Пакистаны хил, Иран, Зүүн өмнөд Азийн орнуудын төвд байж болзошгүй талаар мэдээлэл гарч байв. Мөн ээжтэйгээ олон жилийн турш хамт байсан Хамза гэрлээд Иран, Сирид амьдарч байсан талаар ч мэдээлэл байсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ