"Обама байсан бол Монголыг Дубай шиг болгочих байсан"

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

"Обама байсан бол Монголыг Дубай шиг болгочих байсан"

Монгол эх орноо мөнгөөр солих цэвдэг сэтгэлтэн байхад харь орноос хүргэн болж ирээд өөрийн нутаг шиг хайрлаж, хамгаалах нь бас бий. Түүнийг Дмитрий Лаверс гэдэг. Бельги улсын иргэн. Жил бүрийн зун Монголд гэр бүлээрээ ирж, сайн үйлсийн аян хийдэг. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр ууланд гарсан түймэр унтраахад хүртэл сайн дураараа оролцож явсан удаатай. Түүнтэй уулзаж сонирхолтой яриа дэлгэлээ.


-Монголд ирэх тоолондоо сайн үйлсийн аян хийдэг гэж сонслоо. Яагаад тэр вэ?

-Хувь тавилан надад ухаантай, үзэсгэлэнтэй Монгол бүсгүй бэлгэлэсэн. Түүнийг н.Мягмарсүрэн гэдэг. Бид хамтдаа амьдраад таван жил болж байна. Хоёр хүүтэй. Бид жил бүрийн зун амралтаараа Монголдоо ирж амардаг юм. Яагаад сайн үйлсийн аян хийх болсон бэ гэвэл, ийм сайхан гэр бүл заяасан Монгол оронд би эргээд төлөх өртэй гэж бодсон. Баярласан сэтгэлээ илэрхийлж буй арга гэхүү дээ. Миний хайрласан хүн Монгол учраас би эх орон, ээж аав, ахан дүүсийг нь мөн хайрлах ёстой. Энэ утгаараа Монголын ирээдүй болсон бяцхан үрс, ядарсан хүмүүст өөрийн чадах чинээгээрээ туслахыг хичээдэг.

-Энэ удаа ямар хүмүүст туслав, хэр хүлээж авч байна?

-Бид өнчин хүүхдүүдийн асрах газар, гэр хорооллын ядуу айл өрх болон Нарангийн энгэрт хог түүдэг хүмүүст бэлэг өгсөн. Бид хэрэгцээгээ танаж, мөнгөө бага багаар цуглуулсаар гурван сая төгрөг болохоор нь бэлэг бэлдсэн юм. Нэг удаа ч гэсэн хүмүүс баярлаг дээ гэж бодсон. Хөдөөнөөс нүүж ирээд удаагүй, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, мөн хоёр жаахан хүүхэдтэй хэвтрийн өвчтэй залуухан бүсгүй гээд жинхэнэ тусламж хэрэгтэй хүмүүс байв. Ууттай бэлэг аваад ороход зарим нь мэгштлээ уйлж байсан. Өөрийг нь гээд ирэх хүний сайхан сэтгэлээр тэгтлээ дутаж шүү дээ. Ялангуяа Нарангийн энгэрт байсан хүмүүс орчлонгоос тасарчихсан юм шиг санагдсан. Зурагт, интернэт, дуу хөгжим, мэдээ мэдээлэлгүй зөвхөн өнөөдөр юу олж идэх вэ гэсэн ганц бодолтой.

-Хэн нэгэнд туслаад баярлаж буй царайг харах сайхан. Ийм мэдрэмжийг буян хийдэг хүн л авч чаддаг байх?

-Тийм л дээ. Гэхдээ хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. Аав ээж нь архинд орчихсон хүүхдүүд асрамжийн газарт цаанаа л гунигтай, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжийн сэтгэл өдрийн хоолондоо санаа зовоостой, өвчтэй хэвтэх эмэгтэйн хүүхдүүд хар багаасаа хөдөлмөр хийж, өөрсдийгөө тэжээх гээд л хүн бүрийн зовлон надад их гүн мэдрэгдсэн. Одоо ч гэсэн тэр дүр зураг нүдэнд харагдсаар л байна.

-Уг нь Монголчууд бид ингэж амьдрах хүмүүс биш. Том газар нутагтай, баялаг ихтэй, гуравхан сая хүн амтай. Гэтэл ядуу байгаагийн учрыг та юу гэж бодож байна?

-Энэ бол ерөөсөө л төр засгийн буруу үйл ажиллагаатай холбоотой. Монгол бол үнэхээр сайхан орон. Хөгжих маш их боломжтой, давуу талтай. Хэрэв Монголын Ерөнхийлөгч Обама байсан бол Монгол орон Дубай шиг хөгжих байлаа. Иргэд нь гадагшаа явж хар ажил хийх биш, гаднаас ажиллах хүч аваад өөрийн нутагтаа баян, жаргалтай амьдарна. Хамгийн гол нь төрд ажиллаж байгаа хүмүүс шударга, хахууль авдаггүй, иргэддээ хүрч ажилладаг, нийгмийн халамж хүрэлцээтэй байх хэрэгтэй. Монголд хүүхдийн халамж гээд 20-хон мянган төгрөг өгдөг гэдгийг сонсоод би их гайхсан. Энэ чинь наймхан евро. Ядаж нэг сав хүүхдийн нэмэлт сүү авч хүрэхгүй.

-Танай улсад нийгмийн халамж ямар байдаг вэ, жишээ нь хүүхдийн мөнгө гэж сард хэдийг өгөх үү?

-Бельги улсын хувьд хүүхэд, настай хүмүүсээ их харж үздэг. Монголд бол ажил хийсэн жил, нийгмийн даатгал, насыг нь харгалзаж тэтгэвэр тогтоодог. Харин манай улсад насаараа ажил хийгээгүй байлаа ч настай хүндээ тэтгэвэр гэж сардаа 800-900 евро /ойролцогоор 2 сая 675 мянга 700 төгрөг/олгодог. Энэ мөнгө сарын хэрэгцээнд нь хангалттай хүрдэг. Үүнээс гадна бие муутай настай хүнийг асрамжийн газар яг л таван одтой буудалд байгаа мэт арчилж, анхаардаг. Усанд оруулж, массаж хийж, хумс үсийг нь засаж янзална, эмчилгээ хийнэ гээд үйлчилгээ сайтай. Харин хүүхдийн тэтгэмжийн хувьд насны ялгаанаас хамаараад өөр өөр байдаг. Тухайлбал манай том хүү 115 евро авдаг бол бага нь 175 авдаг. Аливаа улсын хөгжлийн ирээдүй хүүхэд байдаг учраас тэдний эрүүл мэнд, боловсрол, хүнс тэжээлийг анхаарах үүднээс ийм хэмжээний халамж өгч байгаа юм.

-Нэгдүгээрт хүнээ бодож байж дараа нь улс орны хөгжлийг ярих хэрэгтэй болов уу, манайд бол эсрэгээрээ болчихоод байна?

-Иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин хамгийн чухал. Олон давхар байшин, барилга бус иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалын индексээр тухайн орны хөгжлийг тодорхойлдог байх аа. Тиймээс төр иргэдээ энэ тэргүүнд тавьж, тэдэнд үйлчлэх ёстой гэж би боддог.

-Сая та амьдрах орчин чухал гэлээ. Монголд амьдрах ямар санагдав, эндээ үлдэх бодол бий юу?

-Уг нь эхнэр бид хоёр Монголд амьдрахыг их хүсдэг. Даанч өвлийн утаа, агаарын бохирдол маш их. Хүүхэд маань багадаа ханиад хүрч, өвдөөд байсан учир Бельги явахаар шийдсэн. Хүүхдээ том болохоор  Монголын хөдөө амьдрах хүсэл байдаг. Анх би Монголд ирээд хөдөөгийн байгалийг гайхан биширсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй.

-Яагаад Монголыг зорьж ирэх болов, юу нь сонирхолтой санагдсан бэ?

-Манай Бельгид Монголчууд цөөнгүй бий. Нэг удаа Монголоос үндэсний хөгжмийн хамтлаг ирж тоглолт хийсэн юм. Тэгэхэд л би анх удаа Морин хуур хөгжмийн уянгалаг аялгуу, хөөмийн исгэрэлтийн өвөрмөц чимээг сонссон. Тэр хөгжмийн аялгуунд миний сэтгэл огшсон бас урсаад хайлчихсан. Тэгээд морин хуур тоглож сурахыг хүсэх болсон юм. Үүний тулд анх Монголыг зорьж байлаа. Энд ирээд н.Мэндээ багшид шавь орж бас өөрөө интернетээс сонсголоороо сурч эхэлсэн. “Домог” хамтлагийн “Татлагийн холбоо” аяыг боломжийн татчихна, бас “Цагаан суварга” аязыг татах, сонсох дуртай.

-Тэгээд Монголд морин хуур сурах гэсэн хүн чинь хайр сэтгэлээ бас олоод авчихсан?

-Тийм шүү. Хөгжим бид хоёрын гүүр болсон гэх үү дээ (инээв). Монгол эмэгтэй их халамжтай, аав ээжийгээ ачилдаг, үр хүүхдээ сайн өсгөдөг. Ер нь харж байхад Монгол хүүхдүүд хүмүүжил сайтай, ажилсаг юм байна лээ. Аав ээждээ тусална, дүүгээ асарна, гэрээ цэвэрлэж, хоолоо хийнэ. Манайд эцэг, эх нь хүүхэддээ үйлчлэх ёстой юм шиг боддог. Гар хүрвэл цагдаа дуудчихна. Тэр хэрээр хоорондын харилцаа их хөндий хүйтэн. Харин Монгол гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, эв найрамдалтай. Энэ бол ёс уламжлалтай холбоотой. Ахаа хүндлэх, дүүгээ халамжлах соёл юм. Миний хувьд хүүгээ Монгол хүмүүжилтэй хүн болгоно гэж боддог.

-Ингэхэд хүүг нь хэн гэдэг вэ? Монголоор ярьдаг уу?

-Миний хүүг н.Наранхүү гэдэг. Энэ нэрийг би өгсөн. Нарны хүү гээд их гоё утгатай санагдсан. Монголоор бол ойр зуурын үг хэлдэг. Ээж нь хүүгээ том болохоор Бельгид байдаг Монгол сургуульд оруулна гэдэг. Би ч дэмждэг. Миний хүү Чингисийн цустай, Монголын ирээдүй. Би үүгээр бахархдаг.

-Монголын ирээдүй ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Би Мартин Лютэр Кингийн “Надад мөрөөдөл бий” гэдэг үгэнд дуртай. Түүнд мөрөөдөл байсан шиг Монголчууд өөрсдөө ирээдүй сайхан болно гэж мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэд эрүүл, боловсролтой, харин төр засаг шударга, хүнээ боддог байгаасай гэж хүсч байна. Монгол хүний мөрөөдөл уг нь байр, машин биш шүү дээ.

Дмитрийн гэргий н.Мягмарсүрэн бидний ярилцлагыг орчуулсан билээ. Түүнээс хэдэн асуултад хариулт авлаа.

-Танай нөхөр их нээлттэй хүн юм. Нөхрийнхөө ямар зан чанарт татагдсан бэ?

-Манай хүн их романтик. Хүний бодоогүйг олоод сюрприз барьчихна. Бие давхар байхад миний Бельги явах виз гардаггүй. Германы Элчин сайдын яамнаас Бельгийн иргэний хүүхэд гэсэн баталгаа нэхээд байсан юм. Энэ тухай нөхөртөө хэлэхэд тэр “аан за, би удахгүй сүлжээгүй газар очно, ярьж чадахгүй байх шүү гэлээ. Хэд хоногийн дараа гэрийн гадаа хэн нэгэн морин хуур тоглох сонсогдсон. Манай гэрийнхэн бүгд гайхаад л гараад харсан чинь манай нөхөр Бельгиэс ирчихсэн хашааны гадаа морин хуур татаад сууж байсан. Уг нь манай гэрийг мэдэхгүй шүү дээ. Гэтэл утсаар дүрсээ хараад ярьж байхдаа манай гэрийн ойр хавийг маш сайн харсан байгаа юм. Тэгээд өөрөө хайсаар байгаад олоод ирчихсэн байсан. Энэ бол амьдралын хамгийн гоё дурсамж. Сэтгэлд их тод үлджээ. Ер нь манай хүн элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэхгүй бас их уяхан, тусархаг. Ямар сайндаа ой мод шатаж байна гэхэд өмссөн хувцастайгаа гүйгээд очих вэ.

-Нөгөө гал унтраахад гар бие оролцсон гээд байсан, тодруулаад яривал?

-Гурван жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэрт ойн түймэр гарсан юм. Өглөө босоход хот битүү утаа, манан болчихсон байсан. Тэр үед манай хүн уг нь талханд гарсан юм. Гэтэл сайн дураар түймэр унтраахаар явсан залуустай таараад дагаад Төв аймаг руу өмссөн хувцастайгаа явчихсан байсан. Тэнд очоод сэтгүүлч н.Отгонбаяр гэх мэт сайхан найзуудтай болсон. Тэд хувцасаа өгч их тусалсан гэсэн. Явахаасаа өмнө түймэрт явлаа гээд ярихад нь би тоглож байна гээд итгээгүй. Тэгээд хоёр хоног утас нь холбогдоогүй. Дараа нь надад “Монголын сайхан байгаль шатаж байхад би зүгээр сууж чадаагүй” гэж ярьсан юм.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
140
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж