Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д ажлын айлчлал хийж буй. Айлчлалын эхний өдөр тэрбээр тус улсын Стратеги, Олон улсын судалгааны төвд зочилж, “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр илтгэл тавьж, уулзалт, ярилцлага өрнүүлсэн юм. Уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцсон байна. Харин айлчлалын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 31-ны өдөр орон нутгийн цагаар 13.50 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Цагаан ордонд угтан авчээ. Үүний дараа хоёр улсын удирдагчид Цагаан Ордны зууван танхимд ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь айлчлалын бүрэлдэхүүн АНУ-ын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчидтэй хамтарсан хэлэлцээ хийж, тунхаг гаргажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлд морь бэлэглэх тухай өмнө нь мэдээлсэн. Монголчууд эртнээс морийг дээдэлдэг, хамгийн хүндтэй гэсэн хүндээ морь бэлэглэдэг заншилтай ард түмэн. Энэхүү бэлэгний талаар сэтгүүлчид Дональд Трампаас асуухад тэрбээр бэлэгний мориндоо "Ялалт" хэмээх нэр өгсөн гээд "Монголчууд их дайчин хүмүүс. Мундаг бөхчүүдтэй, мундаг аваргуудтай. Би Японд очих үеэрээ Монголоос төрсөн сүмогийн дөрвөн их аварга байдаг гэж дуулсан. Энд тэр дөрвөн аваргын нэг нь ирсэн байгаа юм байна" хэмээн онцолсон байна.

Бэлэгний морийг АНУ-руу аваачих хүндрэлтэй учир монгол нутагт нь байлгахаар болжээ

 -МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар долдугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.

АНУ-ын талаас тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон  Конгрессийн зарим гишүүн оролцлоо.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.

Уулзалтын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

-МОНГОЛ УЛС АНУ ХАМТАРСАН ТУНХАГ ГАРГАВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, АНУ дараах тунхаглалыг гаргав.

Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, АНУ-ын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;

Монгол Улс ба АНУ-ын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;

2018 оны  есдүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, АНУ-ын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;

Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;

Монгол Улс болон АНУ нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;

Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;

Монгол Улс болон АНУ нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;

Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

  1. Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  2. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
  3. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  4. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
  5. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
  6. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
  7. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
  8. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж