Засгийн газрын долдугаар сарын 3-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэрийг гаргасан. Уг тогтоол өнөөдрөөс /2019.08.01/хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр Үлэг гүрвэлийн музейн татан буугдаж, тус музейн байранд Байгалийн түүхийн музей үүдээ нээх асуудал яригдаж буй.
"ЭРТ ТӨРМӨЛИЙН ЭРИН" ШИНЭ ТАНХИМЫГ ТОХИЖУУЛАХАД 40 САЯ ЗАРЦУУЛЖЭЭ
Татан буугдах нь тодорхой болж буй Үлэг гүрвэлийн төв музейд өчигдөр /2019.07.31/ "Эрт төрмөлийн эрин" шинэ танхимын нээлт болсон юм. Одоогоос 4.8 сая тэрбум жилийн өмнөх дэлхий үүсч хөгжсөн үе болон тухайн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэл, бар, нян бактерь үүссэн түүхийн ул мөр зэрэг эртний амьтдын чулуужсан олдворууд болон ургамлын үүсэл, хөгжлийг сэргээн босгосон баримал, зургийг нэгэн дор цогцлуулжээ.
Эрт төрмөлийн эрин танхимыг он гарснаас хойш зургаан сарын турш тохижуулж дэглэсэн бөгөөд нийт 300 орчим үзмэрийг багтаажээ. Уг танхимыг тохижуулахад ойролцоогоор 40 сая төгрөг зарцуулсан байна. Уг танхимын нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл оролцож хэлсэн үгэндээ “Үлэг гүрвэлийн музейг татан буулгахын нэг өдрийн өмнө энэхүү сайхан танхим нээлтээ хийж буйд миний бие харамсч байна. Үлэг гүрвэлийн музейг татан буулгах Засгийн газрын шийдвэрийг саяхнаас л мэдэж, их цочирдлоо. Үлэг гүрвэлийн музей бол үлэг гүрвэлийн гэр орон нь юм” гэдгийг тодотгосон юм.
Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахаас нэг өдрийн өмнө энэхүү шинэ танхимыг нээснээр олон хүний нүдийг баясгасан ч бас гайхширлыг төрүүлж байв. Учир нь энэхүү танхим өнөөдрөөс үзэгчдэд хаалттай ч байж мэдэх юм. Тус музейн удирдлагуудын зүгээс татан буулгах асуудлыг үгүйсгэж байгаа бололтой. Тодруулбал, Байгалийн түүхийн музейн 12 мянга орчим үзмэрийг Их тэнгэрийн аман дахь шинэ барилга ашиглалтад орох хүртэл Үлэг гүрвэлийн төв музейд байршуулах тул шинэ танхимыг хураах, үйл ажиллагаа зогсохгүй, цаашид ч шинээр гурван танхимыг тохижуулна гэх байр суурийг илэрхийлж байв.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙД ХҮН ҮҮСЧ ХӨГЖСӨН ЦАГ ҮЕИЙГ ХАРУУЛСАН ТАНХИМ БАЙГУУЛНА
Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.ЖАВЗМАА:
–Манай музей нийт есөн танхим ашиглалтад оруулах ёстой. Үүнээс тавыг нь ашиглалтад орууллаа. Үлэг гүрвэлийн төв музей нь шинжлэх ухааны байгууллага буюу танин мэдэхүйн зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олонд толилуулдаг томоохон соён гэгээрүүлэх байгууллага. Бид хүүхэд залууст палеонтологийн салбарыг танин мэдүүлэх, шинжлэх ухааны боловсрол олгож байна. Цаашид хүнтэй холбоотой танхимыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Одоогоор музейг зорих жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Харин үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах Засгийн газрын тогтоол долдугаар сарын 3-нд гарсан боловч энэ тухай надад саяхан л Г.Ганбаяр дэд сайд танилцууллаа. Бүтцийн тухай л асуудал яригдаж байгаа юм шиг байна билээ. Үйл ажиллагаагаа явуулах, хаах тухай мэдээлэл хэлэх боломжгүй.
ЗАСГИЙН ГАЗРААС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙГ ТАТАН БУУЛГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Үлэг гүрвэлийн төв музей татан буугдах уу эсвэл Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг түр хугацаанд байршуулж байна уу гэдэг асуудал эргэлзээ төрүүлж буй. Хэдийгээр Үлэг гүрвэлийн төв музейгээс дээрх байр суурийг илэрхийлсэн ч Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 261 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд дурдсанаар “Үлэг гүрвэлийн музейг 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсугай”, мөн гуравдугаар зүйлд “Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулах тухай Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” хэмээн тусгажээ.
Засгийн газрын уг тогтоолыг Соёл спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл шүүмжилж, үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ. Түүнийг олон нийт алдагдсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийг Монголд авчрахад их хувь нэмрээ оруулсан гэдгээр нь андахгүй.
АЛДАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ГЭР ОРОНТОЙ БОЛГОХ ГЭЖ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙГ БАЙГУУЛСАН
Соёл спорт аялал жуулчлалын сайд асан Ц.ОЮУНГЭРЭЛ:
-Монгол Улс үлэг гүрвэлийн орон гэдгээрээ гоёдог л юм бол үлэг гүрвэлийн төрөлжсөн музейтэй байх ёстой. Төрөлжсөн музейтэй байхгүй бол үлэг гүрвэлийн олдворууд багтахгүй. Хоёрдугаарт, өөр музейтэй нэгтгэснээр үлэг гүрвэлийн ач холбогдол нь буурна. Үлэг гүрвэл бол Байгалийн түүхийн музейн нэг хэсэг биш. Байгалийн түүхийн музейд нэг ч үлэг гүрвэл бүртгэлгүй байсныг санаж байна.
Бид үлэг гүрвэлийн төв музейг байгуулсан шалтгаан нь салбар музейнүүд төв музейд харьяалагдаж байх ёстой гэж үзэж байв. Гэтэл одоо энэ зорилгоо алдагдаж, Байгалийн түүхийн музейн нэг хэсэг болгож буй нь үлэг гүрвэлийн олдворууд байрлуулах газаргүй, музейгүй болсноор олдворууд ямар гараар орох вэ гэдэг нь ойлгомжтой. Музейд бүртгэлтэй нэг ч үлэг гүрвэлийн олдвор байгаагүй. Одоо л үлэг гүрвэлийн олдвор улсад данстай болсон нь Үлэг гүрвэлийн төв музейн ач юм шүү дээ.
Төр бол их буруу шийдвэр гаргалаа гэж бодож байна. Монголын баялаг болсон үлэг гүрвэл орон гэрээ алдаж байгаад би их харамсч байна. Үлэг гүрвэл өөрийн гэсэн баялаг хуримтлуулах орон гэртэй байх ёстой. Соёлын өвийн шинэ хуулиар аливаа эрдэмтэн мэргэд археологи, палеонтологийн олдворыг илрүүллээ гэхэд тодорхой таван жилийн хугацаанд судалж, үүнээс дээш хугацаанд заавал музейд бүртгүүлэх, музейн сан хөмрөгт оруулах ёстой гэдгийг тусгасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг ч палеонтологийн олдвор үлэг гүрвэлийн музейд бүртгэгдээгүй. Энэ нь үлэг гүрвэлийн музейд бүртгүүлэхгүй байх сонирхолтой байна л гэсэн үг. Би эрдэмтдийг хардаж байна.
Залуу эрдэмтдэд судлагдахууны талбарыг ил гаргаж өгөх ёстой музейд нэг ч олдворыг хүлээлгэн өгсөнгүй. Академич Р.Барсболд, Х.Цогтбаатар гуай том эрдэмтэд олдворыг нээсэн байж болох ч музейдээ тушаах ёстой. Гэтэл нэг ч олдвор музейд тушаахгүй байгаа нь залуу үеийн палеонтлогчид төрөх үүд хаалгыг хаасан байна гэсэн үг. Монголын палеонтологийн салбар 60 жилийн турш судалж ирсэн бүх үлэг гүрвэлээс нэг ширхэг өндөг ч музейд хүлээлгэн өгөөгүй, бүртгүүлээгүй. Угтаа бол судалгааг хийдэг байя, хүүхэд залууст танин мэдүүлье, үлэг гүрвэлийг орон гэртэй болгох гэж Үлэг гүрвэлийн төв музейг анх байгуулсан шүү дээ. Гэтэл музейг нь хаасан алдаатай шийдвэрийг л Засгийн газраас гаргалаа. ШУА-ын Палеонтологийн салбар хангалттай судалгаа хийлээ. Музейн бүртгэлд байхгүй атлаа ШУА-ын Палеонтологийн салбарын судлагдахуун нэртэй олон үлэг гүрвэл Хүннү малл-д байна. Би сайдаар ажиллаж байхдаа Итали руу гарч 20 хэдэн жил сураггүй болсон үлэг гүрвэлүүдийг Монголдоо авчирч байсан. Нийт 186 үзмэрийг Италиас татаж авчирсан. Эдгээрийг Үлэг гүрвэлийн төв музейд тушаах ёстой байсан ч эрдэмтэд музейд тушаахгүй Хүннү малл-д байрлуулсан нь маш буруу хэмээв.
ҮЛЭГ ГҮРВЭЛ БОЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН НЭГ ХЭСЭГ
Үлэг гүрвэл бол Байгалийн түүхийн музейн нэг хэсэг нь гэж тус музейн захирал Н.Зоригтбаатар өмнө нь хэлж байв. Тэрбээр “Үлэг гүрвэл бол Байгалийн түүхийн музейн үзмэрийн 30 хувийг нь бүрдүүлдэг. Үлэг гүрвэл өөрөө байгалийн нэг хэсэг нь шүү дээ. Байгалийн түүхийн музейн 12 мянга орчим үзмэрийг Их тэнгэрийн аман дахь шинэ барилга ашиглалтад орох хүртэл Үлэг гүрвэлийн төв музейд дэглэх юм. Ингэснээр Үлэг гүрвэлийн төв музей татан буугдаж, Байгалийн түүхийн музейн түр хугацаанд үүдээ нээнэ” гэсэн юм. Түүний хэлснээр ирэх аравдугаар сараас музейн үйл ажиллагаа бүрэн жигдэрч, үзэгчдэд хаалгаа нээх гэнэ.
ЭРДЭМТЭД ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙГ ТАТАН БУУЛГАХ ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИВ
Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах асуудал хийгээд үлэг гүрвэлийн олдворууд музейд байх ёстой юу, эрдэмтдийн гар дээр байх ёстой юу гэх асуудлаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байр суурийг сонирхлоо.
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Х.ЦОГТБААТАР:
-Монгол Улс үлэг гүрвэлийн өлгий нутаг учраас Үлэг гүрвэлийн музейг байгуулах ёстой. Гэхдээ нарийн мэргэжлийн чиглэлийн музей байгуулъя гэвэл мэргэжлийн байгууллагын дэргэд байгуулдаг дэлхий нийтийн жишиг бий. Манай улс үлэг гүрвэлийн музейг байгуулахдаа энэ жишгийг дагаж чадаагүй, палеонтлогийн чиглэлээр ажиллаж байгаагүй мэргэжлийн бус хүмүүстэй, үлэг гүрвэлийн чиглэлийн мэргэжилтэнгүйгээр үүд хаалгаа нээснээс хойш долоон жил боллоо.
Засгийн газраас үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэр гарсан нь зөв. 2012-2013 оны үед үлэг гүрвэлийг гадаад дотоодод зарж үрдэг, бидний ажилладаг олдворт газруудыг сүйтгэдэг, хүн бүр үлэг гүрвэл мэддэг болсон үед л Үлэг гүрвэлийн төв музейг байгуулсан. Үлэг гүрвэлийн төв музейд гадаадад хууль бусаар алдагдсан олдворуудыг цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Гадаадад хулгайд алдагдсан олдворуудыг нарийн судлахгүйгээр шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулахыг дэлхий нийтэд хорьдог.
Яагаад гэвэл, хууль бусаар малтсан, зөөвөрлөсөн байдаг тул анхдагч эх сурвалж нь алдагдсан байдаг. Хулгайд алдагдсан зүйлийг эрдэм шинжилгээний материалтай хольж хутгаж болдоггүй. Бидний нүүр царай л дэлхийд муухай харагдана шүү дээ. Хэрвээ Монголчуудын палеонтологид хандаж байсан эмгэнэл гэсэн музей байгуулбал өнөөдрийн Үлэг гүрвэлийн төв музей яг тохирно. Түүнээс биш шинжлэх ухаанчдын олдвор судлагдахууныг хулгайд алдагдсан олдворуудтай хольж болдоггүй. Шинжлэх ухааны ёс дүрэм, судлаачдын ёс суртахууныг зөрчвөл шинжлэх ухааны салбар дахь Монголын нэр хүнд дэлхийд унана. Дэлхийн шинжлэх ухааны жишиг материалууд Палеонтологийн хүрээлэнд судлагддаг. Хүрээлэнд залуу палеонтологчид өсч өндийж, судалгаагаа хийж байна. Музейд олдворыг байршуулаад хулгайд л алдана. Гэхдээ музейгээ музей шиг л болгох хэрэгтэй.
Үлэг гүрвэлийн төв музей үүдээ нээсэн ч үйл ажиллагаагаа явуулж байхдаа судалгаа шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах тал дээр сул ажилласан байж магадгүй. Жишээ нь, Үлэг гүрвэлийн музейн шинэ байгуулагдсан танхимд пализойн үе буюу далай тэнгисийн ургамлыг дэлгэнэ гэдэг бол нэрэндээ таарахгүй болж байгаа юм.
Үлэг гүрвэл үүсч бий болоогүй байх цаг үеийг үлэг гүрвэлийн музейд дэлгэх ёсгүй. Үлэг гүрвэл одоогоос 220 сая жилийн өмнө үүссэн байтал тэнд таван зуун сая жилийн өмнөх зүйлийг дэлгэж байна гэдэг нь асуудалтай хэмээв.
Эрдэмтдийн зүгээс үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэдний хувьд үлэг гүрвэлийн музей нь дэлхийн жишигт нийцсэн төрөлжсөн байх ёстой болохоос биш өнөөдрийн үйл ажиллагаа явуулж буй музей шиг байх ёсгүй хэмээн үзэж байгаа юм.
ЦААШИД ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙН БАЙР ХЭНИЙ ГАРТ ОЧИХ ВЭ?
Харин Үлэг гүрвэлийн төв музейн хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулах тухай ярьж буй нь олныг төөрөгдүүлэхэд хүрээд байна. Ямартай ч Засгийн газрын долдугаар сарын 3-ны өдрийн тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Цаашид Их тэнгэрийн аман дахь Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтад орвол хуучнаар Лениний музей дотор байрлах Үлэг гүрвэлийн төв музейн байрыг хэрхэх вэ гэдэг асуудал урган гарч ирж байна.
Эргэн сануулахад, Эрх чөлөөний талбайн хойно “Чандмань” нэртэй сүрхий барилга байж, сүүлдээ “Юнител”-ын нэг томоохон салбар болсон. Мөн “ОКТА” төв болж, хүн бүр түүгээр нь мэддэг болов. Дараа нь 2013 оноос Үлэг гүрвэлийн төв музей болсон юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ