Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд зохицуулалтыг хийж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдэгээрээ үйлчилнэ. Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан нь шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл Монгол Улсад 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 501934 нь нийслэлд бүртгэлтэй. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэн байна. Харин үүний 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод байгаа гэнэ.
Холбоотой мэдээ