Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шагнал гардуулж хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт хатагтай, ноёд оо,
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье. Төрт ёсны уламжлал, түүх соёлын чуулган, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань хаяанд ирлээ.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг даянд дуурьсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавъяат үйлсийн эзэн -иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна.
Монгол Улсын соёл, урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууг дуулан, өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож, 1962 оноос өнөөг хүртэл 10.000 гаруй тоглолтод оролцон, сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд он удаан жил онцгой гавъяа байгуулан ажиллаж буй Ардын жүжигчин, нэрт дуучин Баартуугийн Зангад гуай Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртэж байна.
Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, сурталчлан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, морин хуурч Цэенгийн Цэрэндорж гуай Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.
Монгол Улсын гавъяат цолтнуудын эгнээ ажил үйлсээрээ манлайлж яваа шилдгүүдээр өргөжиж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эмч, эрхлэгчээр 34 жил ажилласан, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 57 жил зүтгэж буй ахмад эмч Намсангийн Чадраабал, бусад олон эмч нар өнөөдөр гавъяат цол хүртэж байна. Гавъяат цол хүртсэн хоёр хүнийг бас онцолж хэлье. Дорнод аймаг, Ховд аймагт олон жил мал маллаж, олон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн хоёр сайхан ээж, малчин өнөөдөр гавъяат цол хүртлээ.
Мөн улс оронд тохиолдож байгаа хүнд хэцүү зүйлсийн эсрэг тэмцэж, гамшгийг арилгахын төлөө тэмцэж явсан Онцгой байдлын ажилтнууд, аврагчдын дундаас анхны гавъяат цолтон төрснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үйлдвэрийн техник, технологийг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх зэрэгт манлайлан ажиллаж буй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, уулын инженер Доржийн Даваасамбуу Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ.
Монгол хүний тэвчээр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг бөхийн спортоор дамжуулан тив, дэлхийд гайхуулж, олон түмний итгэл хүндлэлийг хүлээсэн олон тамирчдаа төлөөлж бөхийн жудо барилдааны “Мастерс” тэмцээний хошой аварга Санжаасүрэнгийн Мияарагчаа Гавъяат тамирчин цол хүртэж байна.
Монголын төр хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавъяа зүтгэлийг Үндэсний их баяр наадмын босгон дээр ийнхүү үнэлэн урамшууллаа. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе. Монголын төрийн өндөр дээд гавъяа шагналаар ийнхүү олон хүн шагнууллаа.
Монгол хүн төрийн их баяр наадмаа бүтэн жил хүлээдэг. Өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг үндэсний их баяр наадам бол монгол соёлын төгөлдөр их ёслол билээ. Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн бэлгэ ерөөл өргөе.
Мөнх тэнгэр монгол түмнийг минь ашид ивээг ээ. Баярлалаа.
Эх сурвалж: www.president.mn