Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал 24 настай, эрэгтэй М нь 2016 оны 08 дугаар сард бага насны буюу 6 нас 10 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн,
20 настай, эрэгтэй Г нь 2018 оны 04 дүгээр сард 14 нас 6 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс М-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Г-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналт сул, бага насны хүүхдээ зуны улиралд хамаатан садан, найз нөхдийндөө хөдөө орон нутагт амраах нэрийдлээр явуулж байгаагаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон байх тул эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын газраас анхааруулж байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Холбоотой мэдээ