УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон “Монголоо шинэчилье клуб” ТББ-аас хамтран "Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “А” танхимд зохион байгууллаа. Аж үйлдвэрийн салбар, техник технологийн чиглэлийн төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож буй энэхүү хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх талаар санал солилцсон юм. Тухайлбал, газар, мал амьтны гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээс дэвшилтэд техник технологи, хүний хөгжилд суурилсан мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд шилжих, түүнчлэн Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буюу орлого, амьжиргааны чанарыг дээшлүүлэх бодлого, тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцүүлэгт оролцогчид тодорхой санал, санаачилга дэвшүүлж байлаа. Мөн Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонссон юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ экспортын бүтээгдэхүүний 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 90 гаруй хувийг технологийн багтаамжгүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн хөгжил сул байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн талаар УИХ-аас удаа дараалан тогтоол шийдвэр гаргасан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Түүнчлэн бодлогын асуудал олон салбарт хуваагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж, тус салбарыг хамгаалж хөгжүүлэх зорилгоор 2030 он хүртэл хэрэгжүүлэх Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсаныг дуулгав.
Хэлэлцүүлгийг санаачлагч, УИХ-ын гишүүн, “Монголоо шинэчилье клуб” ТББ-ын тэргүүн Д.Ганхуяг хэлсэн үгнийхээ төгсгөлд Улсын Их Хуралд Хөгжлийн судлаач, инженерийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг"-ийг санаачлан байгуулж байгаагаа, мөн "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье" уриатай "Монголоо Шинэчилье Клуб"-ээс жил бүрийн сар шинийн өмнө дөрөв хүртэлх "Оны шинэчлэгч"-ийг тогтмол шалгаруулах болсноо мэдэгдлээ. Хэлэлцүүлгийн зорилго, үр дүнгийн талаар түүнээс тодруулснаа уламжилъя.
Аж үйлдвэржсэнээр эдийн засгийн өсөлт тогтворжино
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ баталсан. Тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх "зүтгүүр" нь хувийн хэвшил байна гэж та хэлсэн…
-Саяхан Улсын Их Хурал Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэ бодлогын үндсэн зорилт нь аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт нөлөө бүхий үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжих, зарим үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоодын зах зээлийг хамгаалах, шинэ аж үйлдвэрийн салбарыг байнга судлах, алс хэтдээ ирээдүйтэй аж үйлдвэрийн салбарыг урьдаас төлөвлөн хөгжүүлэх, шинэ зах зээлийг нээх, бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд худалдахад үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байгаа. Мөн хөгжилтэй орнуудын аж үйлдвэржсэн туршлагыг судалсны үндсэн дээр оюуны өмчийн эрхээр баталгаажсан үндэсний түүх, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэшилтэт техник, технологи, мэдлэг, мэдээлэл, инновацид суурилсан соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилтыг уг бодлогод суулгаж өгсөн. Бодлогоо баталчихлаа, одоо түүнд нийцсэн хууль гаргах ёстой. Улсын их хурлаар Засгийн газраас өргөн барьсан Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн борлуулж эхэлсэн аж ахуйн нэгжийг дэмжих заалтуудыг тусгаж өгсөн. Төслийн эцсийн найруулгыг чуулганаар сонсгосон тул тун удахгүй төрийн мэдээлэлд гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Учир нь хувийн хэвшлийнхэн л улс орныг хөгжүүлэх гол зүтгүүр шүү дээ.
Аж үйлдвэржсэн орон болох монгол загварыг бид өөрсдөө гаргах учиртай
-Өндөр хөгжсөн орнуудын аж үйлдвэрийн бүтцээ солонгоруулсан туршлагыг нутагшуулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хэлэлцүүлгийн үеэр бидний мэдэх Солонгос, Сингапур, Япон зэрэг аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн бүтэц, давхаргажилтын өөрчлөлт хувьсал хөгжлийн туршлагаас танилцуулсан. Мөн Монгол улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Судалгаанаас харахад, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй нягт уялдаатай байдаг.
Өнөөгийн хөгжилтэй орнуудад урьд нь манайхтай адил хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн түүхий эдийн үйлдвэрлэл зонхилдог байсан. Гэхдээ мэдлэг, нэмүү өртөг шингэсэн дэвшилтэт техник, технологийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн бүтэцдээ өөрчлөлт хийж чадсан. Мөн тэдгээр улсад ихэвчлэн ган, зэс, эрчим хүч, хими гэх мэт хүнд үйлдвэрийг хөгжүүлсэн байдаг. Үүнээс гадна тэргүүний болон өндөр технологийн хагас дамжуулагч, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, электроник, био эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмийн болон генетик бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийг хүчтэй дэмжиж, хурдацтай хөгжүүлж байна.
-Төр нь үйлдвэрлэлээ ямархуу байдлаар дэмжиж ажилладаг юм бол?
-Технологийг хөгжүүлэх болон судалгаа хөгжүүлэлтэнд нь зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэж өгдөг. Мөн хувийн хэвшлийнхнээс энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт, санал санаачлагыг бодлогоор дэмжиж байна. Юуны өмнө шинжлэх ухаан технологийн паркыг байгуулсан байна. Дараа нь аж үйлдвэрийн парк, кластер, чөлөөт худалдааны бүс, инновацийн кластеруудыг хэдэн арваар нь байгуулж өнөөгийн өндөр хөгжлийг бий болгосон байдаг. Иймэрхүү арга замаар эдийн засгийн тогтвортой өсөлтөө хангаж чадаж байна.
Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд, эдийн засгийн өсөлт тогторжиход эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний боловсруулах үйлдвэрлэл маш чухал үүрэгтэй. Гэтэл манайд нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг цөөхөн төрлийн эрдэс баялгийн дотроос төмрийн хүдэр, нүүрсний үнэ үнэ сүүлийн гурван жилийн турш жилд дунджаар 15-25 хувиар унаж, үүний улмаас эдийн засгийн өсөлт хоёроос гурав дахин саарсан.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу Засгийн газраас удахгүй шинжлэх ухаан технологийн парк, түүнчлэн кластер, инновацийн кластер, чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркын жагсаалтыг баталж, түншлэгч орнуудын хамт зарлах юм. Монгол Улс өөрийн орны онцлогт суурилсан Аж үйлдвэржсэн орон болох загварыг монголчууд бид өөрсдөө гаргах ёстой. Үүнд энэхүү хэлэлцүүлэгт оролцсон инженер, техник технологийн оролцоо чухал.
Эдийн Засгийн тогтвортой өсөлтийг Бүтээлч Монгол Хүн бий болгоно
-Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дэвшилтэт технологиос гадна түүнийг ашиглах, хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтнуудын ур чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг бас орхигдуулж болохгүй байх …
-Тэгэлгүй яах вэ, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгогч тулгын гурван чулуу нь хөрөнгийн хуримтлал, ажиллах хүчний ур чадвар, технологийн хөгжлийн түвшин юм. Энэ тулгын гурван чулууг бүтээмжийн бүх хүчин зүйл гэдэг. Эндээс хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжил гэдэг нь ойлгомжтой. байна. Бүтээлч монгол хүний хөгжил, харилцан нөхсөн бүтээлч хамтын ажиллагаа юунаас ч чухал.
Энэ хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн болоод олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхэд голлох нөлөө бүхий техник, технологийн боловсролтой ажиллах хүчин, шинжлэх ухааны судлаачид, түүний дотроос Монгол инженерийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжих зорилго бүхий "Мэрэгшсэн инженерийн тухай" хуулийн төслийн талаар санал солилцсон. Төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулахад анхаарч ажиллана. Товчхондоо, эдийн засгийн өсөлтийг хангахад, аж үйлдвэржсэн орон болон хөгжих гол тулгуур нь Монгол инженерийн бурхан ухаан байх болно.
Холбоотой мэдээ