Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп 2019 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентон Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурав. 2019.07.29. http://parliament.mn/n/jujy
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-той Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд Монгол, Туркийн харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл өндөр байгааг онцлон тэмдэглэлээ.
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентоп “Эрхэмсэг ноён Г.Занданшатар Таны урилгаар Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол, Турк орон түүх, соёлын өргөн хэлхээ холбоотой. Тухайлбал “Хурал” хэмээх монгол үгийг туркээр “Курул” гэдэг. Энэ бол бидний түүхэн угсаа гарал нэгтэйн нэгэн илэрхийлэл юм” гэж үгийнхээ эхэнд хэллээ.
Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлэгт хамаарах улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлснийг ноён Мустафа Шентоп дэмжиж байгаагаа илэрхийлж, өөрийн үед ажил хэрэг болгох талаар анхаарлаа хандуулна гэв. 2019.07.29. http://parliament.mn/n/kdjy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гээд Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. 2019.07.29. http://parliament.mn/n/jzjy
Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп айлчлалын хүрээнд болсон “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Энэ онд Монгол Улсад марк үүсэж хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан энэ үеэр онцоллоо.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд хамгийн отгон буюу 1046 дахь сэдэвт марк болж байгаа аж. 2019.07.29. http://parliament.mn/n/k8jy
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийн айлчлал нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. 2019.07.29. https://president.mn/10270/
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. Тус төвд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар 2019 оны 04 дүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиурууд суурилуулан ашиглаж байгаа аж.
Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хамт олонд талархал илэрхийлэв. 2019.07.29. http://parliament.mn/n/kxjy
Хүндэт зочин Мустафа Шентоп Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтэд оролцлоо.
Туркийн найрсаг ард түмний төлөөлөл болсон ТИКА-аас 1994 оноос өнөөг хүртэл манай улсад 45 орчим сая ам.долларын 668 төслийг хэрэгжүүлсэн байна. 2018 онд нийт 61 төслийг 2,5 сая ам.доллараар хэрэгжүүлсэн бол энэ онд 51 орчим төслийг 3 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болжээ. Олон төсөл хөтөлбөрийн нэг нь энэхүү журамласан толь бичиг юм. 2015 онд Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичгийг гаргах үүргийг холбогдох байгууллагууд хүлээсэн байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Аливаа улс үндэстнийг хэл, соёлын онцлог нь илтгэдэг. Хэл гэдэг тухайн нийгмийн бий болгодог гэж үздэг судлаачид цөөнгүй бий. Монгол хэлийг ирээдүй үр хойчдоо зөвөөр өвлүүлэн үлдээх, төрийн байгууллагууд журамласан толиор дамжуулан эх хэлнийхээ хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болоход энэ төсөл зорилго оршиж байна” гээд соёлын найрамдалт харилцааны томоохон илрэл болохуйц чухал төслийг санаачлан хамтран хэрэгжүүлсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 2019.07.29.http://parliament.mn/n/kujy
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” музей, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүх дурсгалын үзмэр бүхий Хөшөө цайдам музейг үзэж сонирхон, малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуй соёлтой танилцсан юм.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өнөөдөр өндөрлүүлж, эх орондоо буцлаа.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС