Парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх түлхэц болно

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх түлхэц болно

Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам боллоо Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

 -Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

 -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрахад чухал түлхэц болох ёстой. Түүнчлэн Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үнэн зөв, олон талын байр суурийг илэрхийлсэн баримт мэдээлэл, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг олж авах нь туйлын чухал. Энэ боломжийг Нийтийн сонсголоор дамжуулан олж авах боломж нээгдлээ шүү дээ. Төрийн байгууллага, албан тушаалтан өөр хоорондоо мэдээлэл солилцох байдлаар асуудлыг шийдэх биш мэргэжлийн шинжээч, эрдэмтэн судлаачид, иргэдийн санал, мэдээллийг авч байж шийдвэр гаргах, гаргасан шийдвэр нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэж, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдлээ. Энэ агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам хийгдлээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, гүнзгийрүүлэхэд нийтийн сонсгол чухал эд эс нь болно гэдэг итгэж байна.

 -Нийтийн сонсгол тухай хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?

-Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөхөөр болсон. Учир нь сонголын бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа. Тиймээс тус хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол гаргаж байна. Уг тогтоолоор Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журмыг боловсруулах, батлуулах, мөн УИХ-ын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжид холбогдох өөрчлөлтүүдийг судлах, батлуулах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан. Түүнчлэн захиргааны хэм хэмжээний ба төлөвлөлтийн сонсголын журмыг батлах үүргийг Засгийн газарт хүлээлгээд байна.

 -Мөрдөн шалгах сонсгол явуулахааргүй болсон гэдэг нь үнэн үү?

-Тийм ээ. Хуулийн санаачлагчаас тус хуулийн төслийг боловсруулахдаа нийт долоон төрлийн сонсголыг явуулахаар хуулийн төсөлд тусгаад байсан. Хэлэлцүүлгийн шатанд мөрдөн шалгах сонсголыг хасч баталсан. Тиймээс Нийтийн сонсголын тухай хуулиар Төсвийн хяналтын, Ерөнхий хяналтын, Томилгооны, Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, Орон нутгийн сонсголыг явуулахаар болсон.

 -Нийтийн сонсголын тухай хууль батлагдах гэж нэлээдгүй удсан шүү дээ. Ингэсний шалтгаан юу байв?

-Энэ хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш яг нэг жилийн дараа батлагдаж байна. Бид төслийг өргөн мэдүүлснээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой маш сайн хамтран ажилласан. УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлахад чухал үүрэгтэй оролцсон Төрийн байгууллалтын байнгын хорооны дарга, гишүүд, ажлын хэсгийн гишүүддээ болон УИХ-ын гишүүддээ баярласнаа илэрхийлж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж