Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхай нараар ахлуулсан Монгол-Хятадын Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтаар экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаарх асуудлаар санал солилцож хоёр орны дэд сайд нарын түвшний хоёрдугаар хурлаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар санал бодлоо солилцлоо. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын сонирхсон асуудлын хүрээнд хорио цээрийн шаардлага, нөхцлийг үргэлжлүүлэн тохиролцох яриа хэлэлцээг тогтмол явуулах, тодорхой ажлын төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдэж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлоход хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсаас өвс хадлан болон малын тэжээлийг БНХАУ-д экспортлох асуудлаар санал солилцон уг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд Монгол улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох тухай хяналт, шалгалт, хорио цээрийн Протоколын хүрээнд Монголын шинээр бүртгэл хийлгэх аж ахуйн нэгжүүдэд жил бүр хянан магадлагааг хийх саналыг Монголын тал Хятадын Бүртгэл баталгаажуулалтын газарт санал болгов. Хятадын тал Монголын талын саналыг харгалзан үзэхээ илэрхийллээ.
Ийнхүү Дэд сайдын түвшний Ажлын хэсгийн гуравдугаар уулзалтын үр дүнд Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д Хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын Санамж Бичиг, Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай Протокол зэрэгт өчигдөр гарын үсэг зурлаа.
Мөн дээрх ажлын хүрээнд Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн Хатавч боомтоор улаанбуудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг Монголын талаас экспортлоход Хятадын талын хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлыг хангах асуудлыг хоёр тал эрчимжүүлж ажиллахаар боллоо. Харин Дэд сайдын түвшний ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн уулзалтыг 2017 онд БНХАУ-д зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Б.ЗУЛ