Онцгой байдлын ерөнхий газраас Сибирьт гарч буй гал түймэртэй холбогдуулан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.07.31/ мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн мэргэжилтэн П.Соронзонболд “Он гарснаас хойш улсын хэмжээнд 88 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд энэ сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад гарсан түймрийг энэ сарын 19-ны өдөр бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн. 2019 оны долдугаар сарын 19-нөөс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн бүртгэл мэдээлэл ирээгүй байна. Сибирьт гарсан түймрийг бид агаарын хиймэл дагуулын тусламжтай харахад манайхаас 700 орчим км-ийн зайтай байна. Уг түймэр бол Байгаль нуурын цаана гарч буй түймэр юм. Наад талд нь ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэ, Чит гэсэн том хотууд байгаа. Өнөөдрийн байдлаар хил дагуу буюу ОХУ-ын хил орчмоор түймэр байхгүй байна. Он гарснаас хойш ОХУ-ын талаас таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод, Хэнтий аймгийн сумдаар давж ирсэн. Түүнийг бид тухайн үед нь унтраасан. Утааны хувьд уржигдраас эхэлж ажиглагдаж эхэлсэн. Хиймэл дагуулаас харахад өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Төв аймагт утаа ажиглагдлаа. Энэ бол салхины чиглэл агаарын урсгалаас шалтгаалж байгаа. Түүнээс биш Эрхүүд гарсан түймэр өнөө маргаашгүй Монгол Улс руу тархаад орж ирэх боломжгүй. ОХУ-ын мэдээллээс харж байхад гал түймэр унтраах зардал нь хохирлынхоо зардлаас давчих гээд байгаа талаар мэдээлэл гарсан байна лээ. ОХУ-ын талаас ямар арга хэмжээ авч буй талаар одоогоор мэдээлэл алга байна. Монгол Улсад түймрийн утаа орж ирчхээд байгаа болохоос биш хил давж орж ирсэн түймэр байхгүй” гэлээ.
-ОХУ-д гарч буй түймэр хил даваад ороод ирлээ гэхэд манай улсын хэмжээнд бэлтгэл байдал ямар байх вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой юу?
-Жил бүр оны эхээр гардаг Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгавартай уялдуулан гарч буй чиглэл чиглэлийн албадуудын албан даалгавар байж байгаа. ОБЕГ-ын Ерөнхий газрын дарга 01,02 тоот, мөн БОАЖЯ-аас гаргасан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тушаал бий. Бид өдөр тутамдаа мэдээ мэдээллээ хянаж, хиймэл дагуулын мэдээллийг байнга ажиглаж байгаа. Хүн хүч хүрэлцэхгүй алслагдсан бүс нутагт хилийн дагуу орж ирж буй түймрийг бид цаг тухайд нь Улсын онцгой комисст танилцуулаад Зэвсэгт хүчний Жанжин штабаас нисдэг тэрэг авч орон нутгаас хүч татан богино хугацаанд унтраах арга хэмжээ авч байгаа.
-Утаа орж ирсэн нөхцөлд иргэд маск зүүх ёстой юу?
-Эрүүл мэндийн чиглэл хариуцсан байгууллага мэдээлэл өгөх байх. Утаа хүний биед хортой учраас иргэн бүр өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай.
Холбоотой мэдээ