"Сурах бичгийг төлбөртэй ашиглахад 8 тэрбум төгрөг зарцуулна"

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

"Сурах бичгийг төлбөртэй ашиглахад 8 тэрбум төгрөг зарцуулна"

"Сурах бичгийг төлбөртэй ашиглахад 8 тэрбум төгрөг зарцуулна"

Ирэх намраас сурагчид хичээлийн сурах бичгээ төлбөр төлж ашиглах журмыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталжээ. Ингэхдээ бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг хэвээр. Хоёрдугаарт нь дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглах нь хэвийн үргэлжлэнэ. Зөвхөн зах зээл дээрээс худалдан авдаг үлдсэн 60 хувьд шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгийг мэргэжилтэн онцоллоо. Энэ асуудлаар тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулж, мэдээлэл авлаа.


-Ирэх намраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгээ төлбөртэй ашиглана гэсэн мэдээлэл байна. Энэ нь ямар учиртай зохицуулалт болохыг тайлбарлаж өгнө үү?

-Өнгөрсөн 2009 оноос эхлэн бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж ирсэн. Тухайн сургуулиас нь нийгмийн зорилтот бүлгийн сурагчдаа тодорхойлоод, сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж, үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг тогтолцоотой байсан. Сурах бичгийн үнэ 2009 оноос хойш 1200-5000 төгрөгийн үнэтэйгээр тогтвортой 10 жил боллоо. Магадгүй дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийн сурах бичгээ худалдан авах юм бол 50-60 мянган төгрөг болдог байсан. Сурах бичгийг зах зээл дээр худалдаалахаар номын бизнес эрхлэгчид үнэ нэмж, дамлан худалдах, сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэх олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Сурах бичиг зах зээл дээр үндсэн үнээрээ зарагдахгүй байгаа учраас эцэг, эхчүүдийг хүүхдэдээ сурах бичиг худалдан авах сонирхолгүй болгож байна.

Тиймээс сурагчид сурах бичгийг зах зээлээс худалдан авах асуудлыг болиулж, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улиралд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг гаргаад байгаа юм.

-Тэгэхээр сурах бичгийг зах зээл дээр худалдаалахаа болино гэсэн үг үү?

-Тийм. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр зарагдаж буй 60 хувийн сурах бичгийг хүүхдийн тоогоор хэвлэнэ. Тэгээд сургуулийн номын сангаар дамжуулан хүүхэд бүрт сурах бичгийг багцаар нь олгохоор болсон юм. Ингэснээр хүүхдүүд хичээлийнхээ сурах бичгийг ашигласны тодорхой хувийг төлбөрөө төлж, буцаан сургуулийн номын сандаа тушаана. Дараагийн сурагч нь дахин ашигладаг тогтолцоо руу шилжих дүрэм, журмыг батлаад байна. Айлууд ихэвчлэн цөөн хүүхэдтэй болсон цаг үед нэг хүүхэд сурах бичиг худалдан аваад, тодорхой хугацаанд хэнд ч ашиглагдахгүй байж байгаад устдаг. Тийм учраас сурагч хичээлийнхээ сурах бичгийг номын сангаасаа авч, буцаагаад тушааж, дараагийн сурагч хэрэглэдэг. Тодорхой хугацааны дараа ашигласан сурах бичиг нь актлагдаж, дараагийн сурах бичиг нь нийлүүлэгддэг тогтолцоо руу явна. Бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг хэвээр. Хоёрдугаарт нь дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглах нь хэвийн үргэлжлэнэ. Зөвхөн зах зээл дээрээс худалдан авдаг үлдсэн 60 хувьд шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн үг.

-Ингэлээ гээд сурагчдын сурах бичгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэж чадах уу?

-Бид хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байсныг Олон улсын донор байгууллагуудын туслалцаатайгаар шийдвэрлээд байна. Одоо бол худалдан авах ажиллагаа ид өрнөж байна.

Бага ангийн нөхөн хангалтын 100 хувийн сурах бичгийг аль хэдийнэ орон нутагт хүргүүлсэн учраас асуудалгүй. Хоёрдугаарт дунд ангийн 40 хувийг үнэ төлбөргүй сурах бичгээр нөхөн хангах асуудлыг наймдугаар сарын 5-нд орон нутагт хүргэнэ. Харин ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийг наймдугаар сарын 15-нд орон нутагт хүргүүлнэ.

Худалдан авах ажиллагаа буюу тендерийг наймдугаар сарын 2-нд нээж, 10-нд сурах бичгийг хэвлэх үйл явц эхэлчихсэн байна. Ирэх есдүгээр сарын эхний хагас гэхэд төлбөртэй ашиглуулах 60 хувийн сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад тараасан байхаар төлөвлөн ажиллаж байна. Тендерийг худалдан авах хууль, дүрмийнхээ дагуу зарласан. Мэдээж богино хугацаанд хэвлэж, нийлүүлэх түгээх ажил байгаа учраас аль болох хүчин чадлын хэмжээгээр компаниудад эрхийг өгнө. Хэчнээн компани шалгаруулах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Бид аль болох чанартай байх, хугацаандаа нийлүүлэх шаардлагыг тавина.

-Сурагчид сургуулийн номын сангаасаа хэдэн төгрөгийн үнэтэйгээр сурах бичгээ ашиглана гэсэн үг вэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг аргачлал гарсан. Ер нь сурах бичгийн төлбөр тухайн сурах бичгийн үнийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл 1200 төгрөгийн сурах бичгийг номын сангаас авч ашиглахдаа 500 орчим төгрөг төлнө гэсэн үг. Яагаад 40 хувиас хэтрэхгүй төлбөр төлнө гэж тусгасан бэ гэхээр эхний жил сурагчид цоо шинэ сурах бичиг ашиглана. Тиймээс

ирэх намар сурагчид арай 40 хувь хүрэхгүй 36 хувиар төлбөрийг тогтоох болов уу. Хоёр дахь жил нь сурах бичгээ ашиглах зардал буурна. Дараа жилээс нь буураад, дөрөв дэх жилээс 20 хувь хүрч, ашигласан хугацаанаасаа хамаарч төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тогтох юм.

-Хүүхэд бүрийн тоогоор сурах бичиг хэвлэнэ гэлээ. Ирэх намар хэчнээн хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах вэ?

-Бид тухайн сургуулийн номын санд суралцаж буй сурагчийн тоогоор сурах бичгийг тараана. Тэгэхээр сурагч бүрийг сурах бичигтэй байлгах нь тухайн сургуулийн хариуцах асуудал болно. Одоо бол сургуулийн удирдлагаас “Эцэг, эхчүүд хүүхдэдээ сурах бичиг авч өгөхгүй байна” гэсэн гомдлыг ихээр хэлдэг шүү дээ. Бидний тооцоолж байгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд суралцах урьдчилсан статистик гараад байна. Хичээлийн шинэ жилийн үеэр зарим сургуулийн сурагчдын тоо эрс нэмэгдэх, шилжилт хөдөлгөөн гээд олон асуудал гардаг. Энэ зохицуулалтыг журамдаа тодорхой тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр салбар яамны зүгээс 640 мянган хүүхдийн тоогоор сурах бичгийн захиалж байгаа гэж ойлгож болно.

-Өнгөрсөн жил сурах бичгийн тендерийн маргаан сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх асуудал гарч байсан. Эдгээр сурах бичгийг хэвлэсэн үү?

-Өнгөрсөн жилийн хувьд 24 нэр төрлийн сурах бичиг шинээр хэвлэх төлөвлөгөөтэй байсан. Үүний найм нь XII ангийнх, гурав нь тусгай хэрэгцээт боловсролынх, багшийн нэг сурах бичиг, үлдсэн нь VI, VII ангийн уран зохиол, монгол хэл, бичгийн ном байсан. Эдгээр сурах бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр оройтож хэвлээд сургуулиудад хүргүүлсэн. Цаг хугацааны хувьд оройтсон болохоос биш сурах бичгүүд зохиогдсон, хэвлэсэн, одоо сургуулиудад ашиглаад явж байгаа.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг батлахын өмнө ямар нэгэн судалгаа, туршилт хийсэн үү?

-Бид 2014, 2015 онд “Түрээсийн сурах бичгийн тогтолцоо”-г Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд туршиж үзсэн. Туршилтаар давуу талууд байсан. Энэ тогтолцоог анх удаа хэрэгжүүлж байгаа учраас хичээл эхлэхэд номын санчийн ажлын ачаалал нэмэгдэх зэрэг асуудлууд үүсгэх байх. Цаашид энэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.

-Салбарын сайд өнгөрөгч дөрөвдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орж буй зургаан настай хүүхдүүдээс бүртгэлийн хураамж, шалгалт авахгүйгээр элсүүлэх тушаал гаргасан. Энэ тушаалын хэрэгжилт хэр байна вэ. Эцэг, эхчүүдээс гомдол санал хэр ирж байгаа бол?

-Салбар яамны зүгээс бодлогоо батлаад гаргасан. Энэ тушаалын хэрэгжилт дээр аймаг, сум, дүүрэг, нийслэлийн боловсролын байгууллагууд хяналт тавьж ажиллах ёстой. Хэрвээ сайдын батлаад гаргасан дүрэм, журам зөрчигдөж байвал холбогдох хуулийн дагуу шаардлага тавьж, арга хэмжээг авна. Одоогийн байдлаар бидэнд энэ тушаалтай холбоотой ганц нэг гомдлууд ирж байгаа. Жишээлбэл, “Тэр сургууль ямар нэг байдлаар хүүхдүүдийн дунд шалгаруулалт хийж байна”, “Бүртгэлийн төлбөр хураамж авч байна” гэдэг гомдол санал ирдэг. Гомдлын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудыг сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж