Японы Засгийн газраас мягмар гаригт мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт хэт халууны улмаас 11 хүн амиа алдаж, 5664 хүн эмнэлгийн тусламж авчээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад гурав дахин их буюу 1948 хүрч нэмэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригийн байдлаар, эмнэлэгт хүргэгдэгсдийн 52.6 хувийг 65 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байсан талаар Японы Гал түймэр, гамшгийн менежментийн газраас мэдээлжээ.
Эмнэлгийн тусламж авсан 5664 хүний 119-д нь дор хаяж гурван долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн бол 1792 нь эрүүл мэндэд нь ноцтой асуудал тулгараагүй байна.
Хэт халууны улмаас 11 мужийн 11 хүн амиа алджээ. Айчи мужид хамгийн олон буюу 392 хүн эмнэлэгт яаралтай очиж тусламж авсан бол Осака мужид 388 хүн, Токиод 299 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Осакад өнгөрсөн Ням гаригт 28 настай Йохей Ямагучи халуунд цохиулсны улмаас нас баржээ. Мужийн цагдаагийн газраас өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэнээр, тэрбээр Хираката дахь цэнгэлдэх хүрээлэнд 16 кг жинтэй тусгай өмсгөл өмсөн, өглөөний 07.30 цагаас эхлэн 20 минутын турш бүжгийн дасгал хийж байгаад амьсгал хураасан байна.
Хиракатад өнгөрсөн Ням гаригт цельсийн 33.2 градус хүрч халсан бол оройн 20.00 цагийн орчимд цельсийн 28.7 градус байсан талаар мужийн Цаг уурын агентлагаас мэдээлжээ. Өнгөрсөн даваа гаригт нийт 400 хүн эмнэлэгт хандсан байна. Токиод хамгийн их буюу 121 хүн эмнэлэгт хүргэгджээ. 60-80 насныхан голдуу байсан бөгөөд гурван хүнд ноцтой шинж тэмдгүүд илэрсэн байна.
Гифу мужийн Ибигава хотод хамгийн өндөр буюу цельсийн 37.2 градус хүрч халсан бол Иватэ мужийн Камайши хотод агаарын температур нэмэх 37 градус хүрчээ. Тус улсын Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, Японы 926 хяналтын цэгийн мэдээллээр, нийт нутгийн 80 хувьд 30 ба түүнээс дээш градус хүрч халж байгаа аж. Өнгөрсөн Даваа гаригийн 18.00 цагаас Мягмар гаригийн өглөөний 06.00 цаг хүртэл Саппоро хотод агаарын температур сүүлийн таван жилд анх удаа 25 градусаас бага байжээ. Ирэх долоо хоногт Японд агаарын температур олон жилийн дунджаас дээгүүр байх төлөвтэй байгаа тул тус улсын Цаг уур орчны шинжилгээний газраас иргэддээ хэт халуунаас сэргийлж, амрахыг уриалсан байна.
Эх сурвалж: THE JAPAN TIMES
Холбоотой мэдээ