Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Ланд Крузер-200 автомашинаар шагнахаар болжээ.
Өнгөрсөн жилийн наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ланд Крузер -200 автомашины эзэн болж байсан юм.
Түүхийг эргэн сөхвөл 1951 оны наадмаар ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их Монгол” хэмээн алдаршсан Шаравжамц аваргад түрүү бөхийн бай шагнал болгож 175 төгрөгийн үнэтэй бягтруул хөгжим нэг ширхэг, 25 төгрөгийн үнэтэй орос монгол пянз есөн ширхэг, 70 төгрөгний үнэтэй калибр буу нэг ширхэг, 216 төгрөгийн үнэтэй нэгдүгээр торго зургаан метр, 126 төгрөгийн үнэтэй тал коверкот гурван метр хагас, 36 төгрөгийн үнэтэй тавдай даавуу зургаан метр, 8 төгрөгийн үнэтэй өнгийн ямбуу зургаан метр, 21 төгрөгийн үнэтэй даалимба 18 метр, 13 төгрөгийн үнэтэй эрээн даавуу зургаан метр , 10 төгрөгийн үнэтэй орос ногоон цай 10 ширхэг бүгд нийлээд 700 төгрөгийн үнэтэй эд зүйлээр шагнаж байжээ.
1990-ээд оны эхээр улс түрүүлсэн бөхдөө 50 мянган төгрөгийн үнэтэй өнгөт телевизор бэлэглэдэг байсан бол 1995 оноос түрүүлсэн бөхөө нэг сая төгрөгөөр байлж шагнадаг байв. Харин 2000 оноос түрүүлсэн бөх таван сая төгрөгийн шагнал авдаг болсон юм.
Д.УУДАМ